ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ
Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдэд Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журамд заасан шуурхай тусламжийн, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээг санхүүжүүлэхэд Хүүхдийн хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативыг ашиглана.
Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийг цахим мэдээллийн сан дахь тохиолдол (кейс)-ын тоо, үзүүлсэн үйлчилгээний чанарын үнэлгээнд үндэслэн олгоно.
Шуурхай тусламж, үйлчилгээ үзүүлэх зардлын бүрэлдэхүүнд нөхцөл байдлын үнэлгээ хийх шаардлагатай тохиолдолд кэйс нээхэд шаардлагатай бичиг хэргийн зардал, баримтжуулах, холбон зуучлах, хүүхэд хамгааллын үйлчилгээний багцын болон тээврийн зардал, хамгаалах хэрэгсэл, түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан урамшуулал багтана.
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зардал нь үйлчилгээ үзүүлэх байршил (гэр бүлийн орчинд нь үзүүлэх, гэр бүлээс тусдаа орчинд үзүүлэх) хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэр (үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт)-ээс хамааран ялгаатай байна.
Урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд сургагч багшийн хөлс, цайны зардал, сургалтын хэрэглэгдэхүүн болон шаардлагатай тохиолдолд сургагч багшийн томилолтын зардал багтана.
Хүүхдэд чиглэсэн буюу хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, эрхийг хамгаалах, тэдний хөгжил, оролцоог дэмжих ажил, үйлчилгээний санхүүжилтийг тухайн орон нутгийн хүүхдийн тоонд тулгуурлан тооцно.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390322996571