БАРААНЫ АНГИЛЛЫН КОДЫГ УРЬДЧИЛАН ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаар тушаалаар Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 3 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журмыг шинэчлэн баталсан байна.

Тус журмын зорилго нь худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 3 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор гаалийн байгууллага мэдүүлэгчийн хүсэлтээр барааг улсын хилээр оруулахаас өмнө барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлсон шийдвэр гаргах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, уг шийдвэр бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах хүсэлт гаргахад тухайн бараа нь дараах шаардлагыг хангасан байна.

-  импортын бараа нь илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан, ачигдахаар төлөвлөгдсөн, Монгол Улсын хилээр ороогүй байх,

-  мэдүүлэгчийн гаргаж өгсөн мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааны ангиллын кодыг тодорхойлох боломжтой байх,

-  гадаад худалдааны гэрээний дагуу нэг илгээгчээс ирүүлэх, барааны гарал үүслийн улс, үйлдвэрлэгч компани нэг байх, барааны нэр, зориулалт, марк, модель өөрчлөгдөхгүй байх.

Мэдүүлэгч нь барааны импортын төлөвлөлтийг хүсэлтэд бичнэ. Үүнд бараа импортлохоор төлөвлөсөн ойролцоо хугацаа, огноо, мэдүүлэх гаалийн байгууллага, боомт, нийт тоо хэмжээ, үнэ зэрэг мэдээлэл багтана.

Гаалийн удирдах төв байгууллага мэдүүлэгчээс гаргаж өгсөн хүсэлт, барааны мэдээлэл, хавсаргасан бичиг баримт, материалд заасан барааны ангиллын урьдчилсан шийдвэрийг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу бичгээр гаргана.

Мэдүүлэгчээс ирүүлсэн бичиг баримт хангалтгүй тохиолдолд гаалийн байгууллага тэдгээрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэмэлт материал, мэдээлэл ирүүлэх тухай мэдүүлэгчид мэдэгдэнэ.

Мэдүүлэгч гаалийн удирдах төв байгууллагаас нэмэлт бичиг баримт, мэдээлэл гаргаж өгөх тухай мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж өгнө. 

Барааны ангиллын урьдчилсан шийдвэрийн хүчинтэй хугацаа нь уг шийдвэрийг гаргасан өдрөөс эхлэн 3 жил байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390311688521