АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН, УСТСАН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙГ ХААХ
Эд хөрөнгийн өмчлөгч нь ашиглалтын хугацаа дууссан, устсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хаах тухай хүсэлтийг харъяа дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, бүртгэлийг хаалгах боломжтой.
Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаадаг.
Эрхийн улсын бүртгэлийг хаахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
1. Мэдүүлэг (Улсын бүртгэлийн хэлтэсээс авах);
2. Хүсэлт;
3. Хуулийн этгээд бол хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тогтоол (үүнд бүртгэлтэй холбоотой компанийг төлөөлөх эрхийг хэнд олгож байгааг тусгах шаардлагатай);
4. Холбогдох нотлох баримт /гэрэл зураг, буулгаж нураасан тухай акт, баримт, тодорхойлолт/;
5. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
6. Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан авах боломжтой.
Эрхийн улсын бүртгэлийг хаахтай холбогдох баримт бичгийг хувийн хэрэгт хавсаргаж, улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгосноор эрхийн улсын бүртгэл хаагдана.
Эх сурвалж: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль