ИРГЭН ТА, ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАР ЭЗЭМШИЖ, АШИГЛАДАГ БОЛ...

ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулдаг юм.

Газрын төлбөр төлөгч :

Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа:

- Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага;

- Газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар;

- Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар;

- Гадаад улсын хуулийн этгээд, иргэн;

- Харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.

Төлбөр ногдуулах газар: Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.

Иргэн та болон танай аж ахуйн нэгж, байгууллага төрийн өмчийн газрыг эзэмшиж ашиглаж байгаа бол Газрын төлбөрийн хувь хэмжээ дараах байдлаар бодогдоно:

- Нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь;

- Эзэмшиж, ашиглаж байгаа нэг га тариалан, хадлангийн газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь;

- Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0,1-1,0 хувь;

- Зам, шугам сүлжээний газрыг километр тутмын газрын төлбөрийн доод хязгаар 1500 төгрөг, дээд хязгаар 7500 төгрөг;

- Энэ хэсгийн 1-4 дүгээрт зааснаас бусад газрын төлбөрийн хязгаар 0,01-0,03 хувь;

Дараахь тохиолдолд Газрын төлбөрөөс чөлөөлөгдөнө :

- Малчин өрхийг бэлчээр, хадлангийн газрын;

- Монгол улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй 0,07 га хүртэлх хэмжээний газрынх нь төлбөрийн 90 хувиар;

- Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хилийн зурвас газрын;

- Хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх төрлийн соёлын байгууллагын болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль, түүх, соёлын дурсгалт зүйл, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалах, хамгаалахад зориулан эзэмшиж, ашиглаж байгаа газрынх нь;

- Төрийн болон орон нутгийн өмчийн асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг улсын тусгай хамгаалалттай газраас бусад газар дахь эзэмшиж, ашиглаж буй газрынх нь;

- Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд;

- Сууц өмчлөгчдийн холбоог түүнд гэрээгээр ашиглуулж байгаа орчны газрын;

- Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын;

-  алслагдсан суурин газар, орон нутагт өндөр технологийн үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар.