ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар тогтоолын хавсралтаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг баталжээ. Уг дүрэм нь 10 зүйл, 42 хэсэгтэй бөгөөд уг дүрмийн зорилго нь Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн удирдлага, бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагаа, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм /цаашид “дүрэм” гэх/-ийн зорилго нь Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн удирдлага, бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагаа, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ дүрэм Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжинэ.
1.3.Зөвлөл хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
1.4.Зөвлөл эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тодорхой үйл ажиллагааны талаар зөвлөлдөх орон тооны бус зөвлөх багтай байж болно.
Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагааны зорилго, баримтлах зарчим
2.1.Зөвлөлийн үйл ажиллагааны зорилго нь шүүхийн бус аргаар эвлэрүүлэх ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу явуулах болон маргааны талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь эвлэрүүлэн зуучлагчид дэмжлэг үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шуурхай, зардал багатай явуулах бодлогыг хэрэгжүүлэхэд оршино.
2.2.Зөвлөл эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, нэрсийн жагсаалтад бүртгэх, бэлтгэх, давтан сургах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, дүрэм, эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлс, урамшууллын журам, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм, ажлын байрны стандартыг боловсруулж батлах ба хэрэгжилтэд хяналт тавина.
2.3.Зөвлөл бие даасан, хараат бус байх, шударга ёсыг сахих, нийтийн ашиг сонирхлыг хөндөхгүй байх, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.
Гурав.Зөвлөл, түүний бүрэлдэхүүн
3.1.Зөвлөл орон тооны бус таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд анхан, давж заалдах шатны шүүхээс тус бүр нэг шүүгч, нэг өмгөөлөгч, хоёр судлаачаас бүрдэнэ.
3.2.Шүүхийн ерөнхий зөвлөл Зөвлөлийн дарга, гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар томилно.
3.3.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхийн хугацаанд дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд бичгээр хүсэлт гаргана.
3.4.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ дүрмийн 3.3-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэнэ.
3.5.3өвлөлийн даргаас чөлөөлөгдсөн нь Зөвлөлийн гишүүнээр ажиллахад саад болохгүй.
Дөрөв.Гишүүнд нэр дэвшүүлэх
4.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/ нь Зөвлөлийн гишүүний сул орон тоо гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор нэр дэвшүүлэх зарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна.
4.2.Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч хүсэлтээ Ажлын албанд гаргана.
4.3.Ажлын алба Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчээс ирүүлсэн материалыг хүлээн авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
Тав.Зөвлөлийн чиг үүрэг
5.1.3өвлөл Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.эвлэрүүлэн зуучлагчийг сонгох шалгалтын журам боловсруулах, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
5.1.2.эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах ажлыг Ажлын албатай хамтран зохион байгуулах;
5.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэх ажлыг Ажлын албатай хамтран зохион байгуулах;
5.1.4.Зөвлөлийн болон эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаанд хэрэглэх тэмдэг, дардас, гэрчилгээ, энгэрийн тэмдэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хавтас, бусад баримт бичгийн загварыг батлах;
5.1.5.Зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг батлах, тайлан гаргах;
5.1.6.эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх болон давтан, мэргэшүүлэх сургалтыг Ажлын алба болон бусад сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах;
5.1.7.эвлэрүүлэн зуучлагчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлж, лавлагаа мэдээллээр үйлчлэх;
5.1.8.Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлах;
5.1.9.Шүүхийн ерөнхий зөвлөлд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар арга зүйн туслалцаа үзүүлэх;
5.1.10.эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;
5.1.11.Зөвлөлийн үйл ажиллагаа болон хууль, тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах.
5.2.Зөвлөл эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй, сахилга хариуцлагын талаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль, “Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм”-ийг баримтална.
Зургаа.Зөвлөлийн гишүүний бүрэн эрх
6.1.Зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.энэ дүрмийн 7.1.5-д заасан ажил, үүргийн хуваарийн дагуу хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлэх;
6.1.2.Зөвлөлийн хуралдаанд оролцох, хэлэлцэж буй асуудлаар саналаа илэрхийлэх;
6.1.3.шийдвэр гаргахад саналын эрхтэй оролцох;
6.1.4.эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх, давтан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, багшлах, шалгалт авах, үнэлгээ өгөх;
6.1.5.Зөвлөлийн даргаас хуваарилсан өргөдөл, гомдол, хүсэлтийг шалгаж, санал гаргах;
6.1.6.Зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;
6.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
6.2.3өвлөлийн гишүүн Зөвлөлийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд энэ дүрмийн 7.1.3, 7.1.7-д заасан бүрэн эрхийг Зөвлөлийн даргын зөвшөөрлөөр хэрэгжүүлнэ.
6.3.Зөвлөлийн гишүүний бүрэн эрх томилогдсоноор эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно.
Долоо.Зөвлөлийн даргын бүрэн эрх
7.1.Зөвлөлийн дарга энэ дүрмийн 6.1-д заасан Зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.Зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг даргалах;
7.1.2.Зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ерөнхий удирдлагаар хангах;
7.1.3.Зөвлөлийн тухайн жилд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;
7.1.4.Зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох;
7.1.5.Зөвлөлийн гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
7.1.6.Зөвлөлд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг гишүүдэд хуваарилах;
7.1.7.Зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
7.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7.2.Зөвлөлийн дарга түр эзгүй байх хугацаанд нь албан үүргийг нь орлон гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнийг томилно.
7.3.Зөвлөлийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
7.4.Зөвлөлийн даргын бүрэн эрх томилогдсоноор эхэлж, дараагийн дарга томилогдсоноор дуусгавар болно.
Найм.Зөвлөлийн хуралдаан, түүнээс гарах шийдвэр
8.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан /цаашид “Хуралдаан” гэх/ байх бөгөөд шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
8.2.3өвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө батална.
8.3.Зөвлөлийн дарга томилогдсоноос хойш ажлын таван өдрийн дотор Анхдугаар хуралдааныг товлон хуралдуулна.
8.4.Зөвлөл улиралд хоёроос доошгүй удаа хуралдана.
8.5.3өвлөлийн гишүүдийн олонхи нь хуралдаанд биечлэн болон цахимаар оролцсоноор хуралдааны ирц бүрдсэнд тооцно.
8.6.Зөвлөлийн дарга Зөвлөлийн хоёроос доошгүй гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн ээлжит бус хуралдааныг товлон хуралдуулж болно.
8.7.Хуралдааны тэмдэглэлийг Ажлын албаны ажилтан хөтөлнө. Тэмдэглэлд хуралдаан даргалагч болон тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
8.8.Хуралдаанд мэргэжлийн хүнийг урьж оролцуулж болно.
8.9.Зөвлөлийн дарга, гишүүн хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол тасалсанд тооцно.
8.10.Зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, тэмдэг дарна.
8.11.Хуралдааны бэлтгэл болон хэвийн ажиллагааг Ажлын алба хариуцна.
Ес.Зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн харилцаа
9.1.Шүүхийн ерөнхий зөвлөл Зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавина.
9.2.Ажлын алба 3өвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө, техникээр хангаж, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
9.3.3өвлөл хуулийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаарх хагас жилийн тайланг тухайн жилийн 6 дугаар сарын 15, бүтэн жилийн тайланг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд бичгээр ирүүлнэ.
9.4.3өвлөлийн дарга, гишүүнд сар бүр мөнгөн урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.
9.5.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Ажлын албанаас санхүүжүүлнэ.
9.6.Энэ дүрмийн 9.5-д заасан санхүүжүүлэлтийг Ажлын албаны жил бүрийн төсөвт тусгана.
Арав.Зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх
10.1.Шүүхийн ерөнхий зөвлөл дараах үндэслэлээр Зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлнө:
10.1.1.өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
10.1.2.Зөвлөлийн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав түүнээс дээш удаа тасалсан;
10.1.3.ёс зүйн ноцтой зөрчил гаргасан;
10.1.4.гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон.
Эх сурвалж: https://judcouncil.mn/site/decision_full/134