ҮНДСЭН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, СИСТЕМ АШИГЛАЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тогтоолоор "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам" батлагдсан байна.

Энэхүү Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журмын зорилго нь суурь болон төрөлжсөн мэдээллийн сангаас үндсэн болон дэмжих системд мэдээлэл нийлүүлэх, үндсэн болон дэмжих системээр дамжуулан төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд үйлчилгээ авах, хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх замаар мэдээлэл солилцохтой холбоотой харилцааг зохицуулна.

Үндсэн систем гэдэг нь "Үндэсний дата төв" УТҮГ (цаашид "Дата төв" гэх)-д байрших тархмал бүтэц бүхий төрийн мэдээлэл солилцооны "ХУР" систем юм.

Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журмын хоёрдугаар зүйлд төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд үйлчилгээ авах талаар хүсэлт гаргах, гуравдугаар зүйлд хүн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх, дөрөвдүгээр дүгээр зүйлд хүн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, тавдугаар зүйлд гэрээний хэрэгжилтийг хангах талаар Дата төвийн эрх, үүрэг, зургаадугаар зүйлд гэрээний хэрэгжилтийг хангах талаар Академийн эрх, үүрэг, долоодугаар зүйлд гэрээний хэрэгжилтийг хангах талаар хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, наймдугаар зүйлд мэдээлэл хариуцагчаас үндсэн системд мэдээлэл нийлүүлэх, есдүгээр зүйлээр гэрээний хэрэгжилтэд хяналт тавих талаар тус тус зохицуулсан байна.

Төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үндсэн болон дэмжих системээр дамжуулан үйлчилгээ авах хүсэлтийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

Хүсэлтэд дараахь мэдээллийг тусгана:

1. Хүсэлт гаргагч хүний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, эсхүл регистрийн дугаар, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, хаяг, холбоо барих мэдээлэл;

2. Хүсэлт гаргагч хүн, хуулийн этгээдийн холболт хийж үйлчилгээ авахыг хүссэн үндсэн болон дэмжих системийн нэр;

3. Хүсэлт гаргагч хүн, хуулийн этгээд үндсэн болон дэмжих системийг ашиглах зориулалтыг дурьдсан байна.

Яам нь хүн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч ажлын 10 өдөрт багтаан хариуг хүргүүлнэ.

Хүн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах гэрээний загварыг энэхүү журмын хавсралтаар баталсан байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530298768401