ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭРГЭЭР ОРШИН СУУХ ЖУРАМ
Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан Гадаадын иргэн, харьяатын газар 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.
Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг дараахь хэлбэрээр олгоно. Үүнд:
- Гэр бүлийн шалтгаанаар;
- Цагаачлах;
- Хөдөлмөр эрхлэх;
- Хөрөнгө оруулах;
- Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор олгодог.
Дараахь тохиолдолд гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно. Үүнд:
- Тагнуул, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн;
- Виз, бүртгэл, оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
- Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;
- Виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг засварласан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн.
- Харьяалах улсын эрх бүхий байгууллагаас гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг хүчингүй болгосон.
Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг 60 хоногийн дотор, уг зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
Хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн зохих мэдүүлгийн хуудас бөглөхөөс гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Уригч иргэний өргөдөл (гадаадын иргэний Монгол Улсад байх зорилго, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
- Уригч иргэний баримт бичгийн хуулбар;
- Визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гаргасан хүсэлтийн эх хувь, бүрдүүлсэн бусад баримт бичгийн хуулбарыг авч ирнэ.
- Оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- Гадаадын иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
- 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
- Шаардлагатай бусад баримт бичиг;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- Мэдүүлгийн хуудас.
Эх сурвалж: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиас