ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 4 заалт нэмж, 1 заалтыг өөрчлөн найруулж, 3 заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулсан. Тодруулбал,
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дараах заалтыг нэмсэн.
34.16 дугаар зүйл. Шүүх хуралдааныг хойшлуулах
5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэх заалт;
6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэх заалт;
7-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэх заалт нэмсэн.
34.19 дүгээр зүйл. Хэргийг хэрэгсэхгүй болгох
3-т “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэх заалт нэмсэн.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтыг өөрчлөн найруулсан.
33.1 дүгээр зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх
12-т “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасныг Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэж өөрчлөн найруулсан.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтуудыг хүчингүй болгосон.
34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт;
39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт;
40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалт.