НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХУГАЦАА, ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаар тогтоолоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсан. Уг журмаар Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.2[1], 13.1.5-д зааснаас бусад нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж (цаашид “тэтгэвэр, тэтгэмж”гэх)-ийн хугацаа, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд 4 дүгээр зүйлд “Тэтгэвэр, тэтгэмж олгох хугацаа”-ны талаар зохицуулсан байна. Үүнд:
- Тэтгэвэр, тэтгэмжийг иргэний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, хуулиар тогтоосон бусад эрх нь дуусгавар болсон өдрийг хүртэл хугацаанд, нас барсан тохиолдолд нас барсны дараагийн сарыг дуусах хүртэл хугацаанд олгохоор,
- Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний байнгын асаргаа шаардлагатай байх хугацааг энэ журмын 2.8[2]-д заасан эмч, эмнэлгийн байгууллага, комисс нь эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин, гэмтлийн жагсаалтад заасан хугацааг баримтлан тогтоох буюу сунгахаар,
- Иргэний хөдөлмөрийн чадвар алдсан болон байнгын асаргаа шаардлагатай байх хугацааг нөхөн сунгасан бол аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь уг иргэнд тухайн хугацааны тэтгэвэр, тэтгэмжийг нөхөж олгохоор заажээ.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон.
[1] Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж;
[2] Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагтай бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй иргэний тодорхойлолтыг суманд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төв, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, оюуны бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, байнгын асаргаа шаардлагатай 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол,нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн орон тооны бус салбар комисс тус тус эрүүл мэндийн болон нийтийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу гаргана.