ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолыг баталлаа.
1. Монгол Улсын 2022 онд төлөвлөсөн 18.0 сая тонн нүүрс экспортлохоос 2022 оны эхний 4 сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөж байсан экспорт саатаж, нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүссэнийг, түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тогтоох шаардлагыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгууллаа.
2. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтооно. Үүнд:
1/ Ханги, Байтаг, Замын-Үүд, Гашуун сухайт, Булган, Бичигт, Шивээ хүрэн боомтын нүүрс нэвтрүүлэх болон Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн үйл ажиллагаа;
2/ боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах, цагдаа, хилийн боомтын үндэсний зөвлөл, хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, чөлөөт бүсийн захирагч зэрэг төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагаа, тэдгээрийн уялдаа холбоо;
3/ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа;
4/ боомт, хилийн бүс дэх газар олголт, газар ашиглалт болон гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа;
5/ нүүрсний тээвэр логистик /хилээр нэвтрэх төмөр зам, авто тээвэр, тээврийн хэрэгслийн зардлын өсөлт/;
6/ экспортод гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт;
7/ уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нүүрс экспортлохтой холбоотой гэрээний эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн худалдааны үнэ тарифын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал;
8/ чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн орчны болон төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа.
Мөн Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан Олонхыг төлөөлөн: Ц.Анандбазар Улсын Их Хурлын гишүүн, Б.Баттөмөр Улсын Их Хурлын гишүүн, Г.Ганболд Улсын Их Хурлын гишүүн, Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын гишүүн, Г.Мөнхцэцэг Улсын Их Хурлын гишүүн, Н.Наранбаатар Улсын Их Хурлын гишүүн, Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Цөөнхийг төлөөлөн: Ш.Адьшаа Улсын Их Хурлын гишүүн, Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүн, С.Ганбаатар Улсын Их Хурлын гишүүн, Н.Ганибал Улсын Их Хурлын гишүүн, Т.Доржханд Улсын Их Хурлын гишүүн.
Улсын Их Хурлаас хугацааг сунгахаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо нь энэ тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор тусгай шалгалт явуулж, тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулна.