НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ БУЦААН ОЛГОХ, БҮРТГЭХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн дагуу 1,000,000 (нэг сая) ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч (Монгол Улсын иргэн) (цаашид "даатгуулагч" гэх)-д өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл (цаашид "нийгмийн даатгалын шимтгэл" гэх)-ийн 50 хувийг сар бүр буцаан олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
Нийгмийн даатгалын буцаан олголтыг дор дурдсан даатгуулагчид олгоно:
1. Нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн даатгалын санд шимтгэл төлсөн албан журмын даатгуулагч;
Тайлбар: хоёр ба түүнээс дээш ажил олгогчоос авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэр нь нэг сая ба түүнээс доош төгрөг бөгөөд уг орлогоос тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн даатгалын санд шимтгэл төлсөн албан журмын даатгуулагчийг мөн тооцно.
2. Нэг сая ба түүнээс доош төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шимтгэл төлсөн сайн дурын даатгуулагч;
3. Нэг сая ба түүнээс доош төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шимтгэл төлсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2, 3-т заасан хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эх.
Сайн дураар даатгуулагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын хэмжээг тодорхойлох, олгох
Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь даатгуулагчид олгох буцаан олголтын хэмжээг дараах тайлан, шимтгэлд үндэслэн тодорхойлно:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчоос нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл болон мөн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан;
2. Сайн дураар даатгуулагчийн Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан гэрээний дагуу төлсөн шимтгэл.
Буцаан олголтыг дараах цаглаврын дагуу гүйцэтгэнэ:
1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буцаан олголтын улсын төсвийн санхүүжилтийг нийгмийн даатгалын сангийн төсвийн хуваарийн дагуу сар бүрийн 10-ны өдрийн дотор нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ;
2. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 3.2.1-д заасан санхүүжилтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийгмийн даатгалын сангийн холбогдох харилцах дансанд шилжүүлнэ.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530541207331