ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН АЖИЛЛУУЛААГҮЙ ОРОН ТОО ТУТАМД НОГДОХ ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлөх ба уг төлбөрийг урьдчилан төлж болно. Уг төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх чиг үүргийг аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага хэрэгжүүлнэ.Аж ахуйн нэгж, байгууллага жил бүрийн 1 дүгээр сард багтаан нийт ажлын байрны болон хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ажлын байрны мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тухайн жилд төлбөр төлөх хуваарийг харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагатай тохиролцон баталгаажуулна. Төлбөр төлөх хуваарийг баталгаажуулахад тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн холбогдох тайлангаар баталгаажсан нийт ажилтны тоо, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулбал зохих болон ажиллуулж байгаа орон тоо, төлбөрийн нийт хэмжээ зэргийг харгалзан үзнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг дараах дүнгээр төлбөрөөс хөнгөлнө:
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг 6 сараас доошгүй хугацаатай гэрээ байгуулж худалдан авсан бол худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн дүнгээр;
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг үзүүлсэн бол уг үзүүлсэн дэмжлэгийн үнийн дүнгээр.
Дэмжлэг үзүүлэх бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, ажлын багаж, тоног төхөөрөмжийн үнэ нь зах зээлийн дундаж үнээс илүүгүй байх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын үзүүлсэн дэмжлэгийн дүн татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримтаар баталгаажсан байна.
Аж ахуйн нэгж, байгууллага төлбөрийг урьдчилан төлсний дараа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авсан, мөн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага холбогдох тооцоог хийж, урьдчилж төлсөн илүү төлбөрийг буцаан олгоно. Аж ахуйн нэгж, байгууллага болон аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага санхүүгийн жилийн эцэст тухайн аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлсөн төлбөр болон төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн дүнг эцэслэн нийлж, тооцоог дуусгавар болгоно.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530754392231