ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГО, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ УЛМААС АЖИЛТАНД УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛӨХ
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгодог.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа :
1. 30 хүртэл хувиар алдсан бол 5 дахин;
2. 30-50 хүртэл хувиар алдсан бол 7 дахин;
3. 50-70 хүртэл хувиар алдсан бол 9 дахин;
4. 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин;
5. Ажилтан нас барсан бол 36 дахин.
Энэхүү нөхөн төлбөрийг хоёр болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд тусгаж болно.
Мөн хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан ажилтан болон түүний гэр бүлд олгох нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулж болно.
Дээрх нөхөн төлбөрийг олгох нь ажилтан, түүний гэр бүлд нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгохыг хязгаарлах үндэслэл болохгүй.