ХАЙГУУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЗАРДЛЫН ДООД ХЭМЖЭЭГ ХЯНАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЗААВРЫН ТУХАЙ

Энэхүү зааврын зорилго нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасны дагуу хуулиар тогтоосон хугацаанд боловсруулсан Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг цахим хэлбэрээр ирүүлэх, хүлээн авахад энэхүү зааврыг баримтална.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрэн хариуцна.

Нэг. Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг ирүүлэх нөхцөл

И-репорт цахим программд нэвтрэх эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох нэгжид албан хүсэлтээр ирүүлнэ. Тус хүсэлтийн дагуу нэвтрэх нэр, нууц үгийг ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн кадастрын  компьютержсон системд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар хүргүүлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмал, газрын тосны газрын цахим http://inforep.mrpam.gov.mn/ хаягаар хандан Хэрэглэгчийн “нэр, нууц үг”-ийг ашиглан хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг ирүүлнэ. Геологи хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан тусгай зөвшөөрлийн талбай тус бүрээр Монгол хэл дээр ирүүлэх бөгөөд шаардлагатай бүх мэдээлэл, хүснэгтийн маягт, холбогдох зургуудын холбогдох цонхнууд бүрэн гүйцэд бөглөгдсөн байна.

Хоёр. Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авах нөхцөл

Холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэн танилцаж, үйлчилгээний хөлс төлсөн эсэх, тайланд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажил гүйцэтгэсэн болон байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн тухай мэдээг сум, орон нутгийн байгаль орчны байцаагчийн дүгнэлттэй эсэхийг хянаж зөвшөөрөх, засварт буцаах, татгалзах гэсэн шийдвэрүүдийг гаргаж зөвшөөрсөн бол тухайн төрлийн ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн хянах бөгөөд мөн зөвшөөрсөн тохиолдолд хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн хянана. Төлөвлөгөө, тайланг хянаж бүлэг маягтад санал боловсруулан мэдээллийн санд оруулна. Энэ санал нь мэдээллийн сангаар дамжин тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргэгдэнэ.

Гурав. Цахим хэлбэрээр ирүүлсэн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан хүчин төгөлдөр болох

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахим хэлбэрээр ирүүлж зөвшөөрөгдсөн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангийн хэвлэмэл хувилбарт холбогдох мэргэжилтнүүд гарын үсэг зуран тэмдэг дарж баталгаажуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэн өгнө.  Тус төлөвлөгөө тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээр тухайн жилийн төлөвлөгөө, тайлан хүлээн авсанд тооцно.

Эх сурвалж: https://mrpam.gov.mn/public/pages/115/2016-11-04tailan_a-22.pdf