ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШАЛГУУР, БОЛЗОЛ, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар тушаалын хавсралтаар Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам, эцэг, эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээг шинэчлэн баталсан байна.

 

Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичиг, эцэг эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээ, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Энэхүү журам нь төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэгийн үйл ажиллагаанд хамаарахгүй.

Хоёр. Хүүхэд харах үйлчилгээний шалгуур

2.1.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх орон сууц, байшин барилга, өрөө танхим, гэрийн гадаад, дотоод орчин нь “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага" MNS 6540:2015 Монгол Улсын стандартад нийцсэн байна.

2.2.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэн /цаашид "хүүхэд харагч" гэх/ нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан нийтлэг шаардлагыг хангасан, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан байна.

2.3.Хүүхэд харагч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаас гадна бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцах, хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, зөв хооллох, бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах арга зүйн сургалтад хамрагдсан байна.

Гурав.Бүрдүүлэх баримт бичиг

3.1.Хүүхэд харагч нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг цахимаар болон цаасаар бүрдүүлнэ.

3.1.1.хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл;

3.1.2.иргэний үнэмлэх, үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байрны лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /төрийн цахим үйлчилгээний мэдээллийн сангаас татаж хэвлэсэн байх/;

3.1.3.хэрвээ түрээсийн байр, гэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол түрээслэгчтэй байгуулсан гэрээ;

3.1.4.боловсролын диплом, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар;

3.1.5.хүүхэд харагчийг бэлтгэх, чадавхжуулах сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;

3.1.6.халдварт болон сэтгэцийн өвчингүй болохыг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт.

Дөрөв.Үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, хүчингүй болгох

4.1.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хүссэн иргэн баг, хорооны Засаг даргад хүсэлт гаргана.

4.2.Баг, хорооны Засаг дарга Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага, “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 6540:2015 Монгол Улсын стандартыг хангасан байдал, тус журмын хоёрдугаар зүйлд заасан шалгуур, 3.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хянан дүгнэлт гаргаж сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

4.3.Баг, хорооны Засаг дарга энэ журмын 4.2-т заасны дагуу дүгнэлт гаргахад орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

4.4.Сум, дүүргийн Засаг дарга баримт бичгийг хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

4.5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа хоёр жил байна.

4.6.Зөвшөөрлийн хугацааг сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 4.2-т заасны дагуу дүгнэлтийг үндэслэн нэг жилээр сунгана.

4.7.Шинээр зөвшөөрөл авсан хүүхэд харагч, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн талаарх мэдээллийг “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-д заасны дагуу цахимаар эсхүл цаасан хэлбэрээр бүрдүүлж, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

4.8.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь энэ журамд заасан хяналтаар илэрсэн, зөрчлийг арилгаагүй бол зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Тав. Хүүхэд харагч бэлтгэх, чадавхжуулах сургалт зохион байгуулах

5.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хүүхэд харагчийг бэлтгэх жишиг хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулна.

5.2.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь хүүхэд хамгааллын чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн, хүүхэд харах үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллага, мэргэжлийн төрийн байгууллагатай хамтран хүүхэд харагчийг бэлтгэх, давтан сургах сургалтыг зохион байгуулна.

5.3.Хүүхэд харагчийг бэлтгэх, давтан сургах, зөвлөмж мэдээллээр хангах, олон нийтэд тайлагнах ажлыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

5.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах арга зүйн зөвлөмжийг орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад өгч, хэрэгжилтэд хяналт тавина.

Зургаа. Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах

6.1.Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахдаа Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Засгийн газрын 2022 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам болон хүүхэд хамгааллын бодлого, бусад холбогдох журам, стандартыг дагаж мөрдөнө.

6.2.Хүүхэд харагч нь хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай хүүхдийн эрх, хамгаалал, тэдний хөгжлийг дэмжсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон гэрээ байгуулна.

6.3.Хүүхэд харах үйлчилгээний ажиллах цагийн хуваарь нь хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн ажлын цаг, үйлчлүүлэх хэрэгцээнд нийцсэн байна.

6.4.Хүүхэд харах үйлчилгээний ажлын цаг нь өдөрт найман цаг байх боловч эцэг эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцож уртасгасан цагаар ажиллаж болно.

6.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үйлчилгээнд хамруулахдаа аймаг, нийслэлийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комиссын дүгнэлтийг үндэслэн хамруулна.

6.6.Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл авсан иргэн нь энэ журмын 5.2-т заасан сургалт болон эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан иргэнийг сайн дурын үндсэн дээр ажиллуулж, цалин олгож болно.

6.7.Хүүхэд харагч нь хүүхэд харах явуулын үйлчилгээ эрхлэх тохиолдолд үйлчилгээний гадаад, дотоод орчин нь “Хүүхэд харах үйлчилгээний нийтлэг шаардлага” MNS 6540:2015 Монгол Улсын стандартыг хангасан байх бөгөөд тухайн орон нутгийн захиргаанд заавал мэдэгдэнэ.

6.8.Хүүхэд харагч нь хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан байраа өөрчилсөн тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэж, хаягийн өөрчлөлт хийлгэнэ.

Долоо. Хүүхэд харах үйлчилгээнд эцэг, эх,

асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээ

7.1.Хүүхэд харагч нь эцэг эхээс авах төлбөрийн дээд хэмжээ нь Засгийн газрын 2022 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 2.1-д зааснаас хэтрэхгүй байна.

7.2. Хүүхэд харагч нь эцэг эхтэй зөвшилцсөний үндсэн дээр хүүхэд харах үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт төлбөр авч болно.

7.3. Эцэг эхээс авах нэмэлт төлбөр энэ журмын 7.1-д заасан нормативын 90 хувиас хэтрэхгүй ба эцэг, эхтэй байгуулах гэрээнд тусгасан байна.

7.4. Хүүхэд харагч нь нэмэлт төлбөрийн зарцуулалтын тайлан, мэдээг ил тод тайлагнах үүрэгтэй.

Найм.Төрийн байгууллага, хүүхэд харагч, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг

8.1.Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага доор дурдсан үүрэг хүлээнэ:

8.1.1.энэ журмын 5.1-д зааснаас гадна хүүхэд харагч нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах;

8.1.2.хүүхэд хамгааллын бодлогыг мөрдүүлэх, хүүхдийн хөгжлийн хөтөлбөртэй танилцаж зөвлөн туслах;

8.1.3.хүүхдийн эрх ашиг хохирох, хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой аливаа зөрчил, гомдлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх;

8.1.4.хүүхэд харах үйлчилгээнд тавих хяналтыг улирал тутам зохион байгуулах;

8.1.5.хүүхэд харах үйлчилгээний ил тод байдлыг хангаж, үйлчилгээг цахимжуулах;

8.1.6.төрийн байгууллагын ёс зүй, хэм хэмжээг баримтлан хүнд сурталгүй ажиллах;

8.1.7.иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах;

8.1.8.Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг мөрдөж ажиллана. 

8.2.Хүүхэд харагч хуульд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

8.2.1.хүүхэд хамгааллын бодлогыг мөрдөж, хэрэгжүүлэх;

8.2.2.хүүхдийн оюун ухаан, бие махбодын хөгжлийг дэмжсэн хөтөлбөр зохион байгуулах, хүүхдийн хөгжлийн ахиц, өөрчлөлтийн талаарх мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчид тогтмол өгөх;

8.2.3. хүүхдийг сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэл, дарамт ялгаварлан гадуурхах болон бүх төрлийн хүчирхийллээс ангид байлгах

8.2.4. хүүхдийг хараа хяналтгүй орхих, түлэгдэх, бэртэж гэмтэх зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх

8.2.5.хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, сэтгэл зүй, өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх;

8.2.6.хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, холбогдох төрийн байгууллага, Хүүхдийн тусламжийн 108 утсанд заавал мэдээлэх;

8.2.7.мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх;

8.2.8.хүүхэд харах үйлчилгээний байранд эцэг, эх, асран хамгаалагч, хяналт, шалгалтын ажилтнаас бусад гадны хүн нэвтрүүлэхгүй байх;

8.2.9.төрийн цахим үйлчилгээнд холбогдсон байх.

8.3.Эцэг, эх, асран хамгаалагч доор дурдсан үүрэг хүлээнэ:

8.3.1.хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт улирал бүр тогтмол хамруулах;

8.3.2.хүүхэд харагчтай хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллах;

8.3.3.хүүхдийн биед тохирсон хувцас, сургалтын болон ариун цэврийн хэрэглэгдэхүүнээр хангах;

8.3.4.хүүхдээ аюулгүй тээвэрлэх;

8.3.5.хүүхэд харах үйлчилгээний орчин нөхцөл, үйл ажиллагаанд хяналт тавих;

8.3.6.Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхэд эрсдэлд өртснийг мэдсэн, ажигласан тохиолдолд холбогдох төрийн байгууллага, Хүүхдийн тусламжийн 108 утас, цагдаагийн 102 утсанд шуурхай мэдээлэх.

Ес.Хүүхэд харах үйлчилгээнд тавих хяналт

9.1.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хүүхэд харах үйлчилгээнд хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийн хяналт тавьж хамтран ажиллана.

9.2.Сум, хорооны нийгмийн ажилтан, Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомж, энэ журмын хэрэгжилтэд явцын хяналт тавина.

9.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төлөвлөгөөт хяналт, шалгалт хийнэ.

9.4.Эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс дараах чиглэлээр хяналт тавина;

9.4.1.хүүхдийн аюулгүй байдал, хоол, хүнс, асаргаа, хөгжүүлэх үйлчилгээний чанар, орчны аюулгүй байдалд;

9.4.2.хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, хяналтын камерийн ашиглалт, хэвийн ажиллагаанд;

9.4.3.цахим бүртгэл болон хүүхдийн ирцийн бүртгэлийн дэвтрийн хөтлөлтөд;

9.4.4.хүүхэд харагчийн хүүхэдтэй ажиллаж байгаа арга барил, харилцаа, зан байдалд.

9.5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой санал, гомдлыг харьяалах аймаг, нийслэл, дүүргийн хүүхдийн эрхийн улсын байцаагч шалган шийдвэрлэж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдвол Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасны дагуу зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно.

9.6.Хүүхэд харагч нь хяналт, шалгалтын ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт, үйл ажиллагаа, орчин стандартад нийцсэн байдлыг шалгах, танилцах боломжоор хангасан байна.

9.7.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмын 3.1-т заасан мэдээллийн сан бүрдүүлж, хяналт тавина.