СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ТӨЛӨӨЛЛИЙН БОЛОН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ ҮНДЭСНИЙ ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №392 дугаар тогтоолын хавсралтаар “Соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад бүртгэх журам” баталсан байна.
Соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай
хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад
бүртгэх журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.4-т заасан соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад (цаашид "үндэсний жагсаалт" гэх) бүртгэх үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Монголын ард түмний уламжлалт мэдлэг, арга ухаан, сэтгэлгээний илэрхийлэл болсон түүх, соёл, урлаг, гоо зүйн болон шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдолтой соёлын биет бус өвийг төлөөллийн үндэсний жагсаалтад бүртгэнэ.
1.3.Оролцогч талуудын хүчин чармайлтаас үл хамааран өвийн оршин тогтнох чадвар нь устах, мартагдах аюулд орж, яаралтай хамгаалах хэрэгцээ, шаардлага үүссэн бол яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад бүртгэнэ.
Хоёр.Үндэсний жагсаалтад нэр
дэвшүүлэх санал
2.1.Монгол Улсын иргэн, бүлэг хүн, хамт олон (цаашид "иргэн" гэх), хуулийн этгээд соёлын биет бус өвийг үндэсний жагсаалтад нэр дэвшүүлэх санал (цаашид "санал" гэх)-ыг Соёлын өвийн үндэсний төвд гаргана.
2.2.Үндэсний жагсаалтад нэр дэвшүүлэх соёлын биет бус өв нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20.1.4-т заасан улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлтэй байна.
2.3.Энэ журмын 2.1-д заасан иргэн, хуулийн этгээдийн санал дараахь бүрдэлтэй байна:
2.3.1.саналын үндэслэлийг тодорхой дурдсан өргөдөл, эсхүл албан бичиг;
2.3.2.тухайн өвийг өвлөн уламжилсан 3-аас доошгүй өвлөн уламжлагчийн санал (бичиг, дуу-дүрсний болон дууны бичлэг байж болох);
2.3.3.өвийг илэрхийлэх гэрэл зураг, эсхүл дүрс бичлэг, холбогдох баримт бичиг.
2.4.Соёлын өвийн үндэсний төв саналын бүрдлийг ажлын 7 хоногт багтаан хянана. Энэ журмын 2.3-т заасан бүрдэл дутуу саналыг зөвлөмжийн хамт иргэн, хуулийн этгээдэд буцаана.
2.5.Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 2.3-т заасан бүрдэл хангасан саналын дагуу соёлын биет бус өвийн төлөв байдалд дараахь шалгуурын дагуу журмын 2.6-д заасан хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулна:
2.5.1.үүсэл хөгжил, хувирал өөрчлөлт, уламжлал шинэчлэлийг илэрхийлэх эх сурвалжийн баялаг байдал;
2.5.2.бусад өвийн төрөл зүйлээс ялгарах онцлог шинж, тархалт;
2.5.3.оршин тогтнох чадвар болон оролцогч талуудын өвийг хамгаалах чиглэлээр гаргаж байгаа хүчин чармайлт.
2.6.Хөндлөнгийн шинжээч нь соёлын биет бус өвийн чиглэлээр мэргэшсэн, эрдмийн зэрэг, цолтой, Монгол Улсын иргэн, эсхүл мэргэжлийн төрийн бус байгууллага байна.
2.7.Үнэлгээ хийх аргачлалыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.8.Үнэлгээг ажлын 7 хоногт багтаан зохион байгуулна.
2.9.Соёлын өвийн үндэсний төв хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн саналыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн бол дор дурдсан байгууллагаас ажлын 7 хоногт багтаан санал авч хавсаргана:
2.9.1.соёл, урлагийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
2.9.2.Шинжлэх ухааны академи;
2.9.3.өв оршин байгаа аймаг, нийслэлийн Засаг дарга;
2.9.4.ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс;
2.9.5.холбогдох мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага;
2.9.6.холбогдох бусад эрдэм шинжилгээний байгууллага.
2.10.Соёлын өвийн үндэсний төв үндэсний жагсаалтад нэр дэвшүүлэх саналыг энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу үйлдэж, энэ журмын 2.1, 2.5, 2.9-д заасан баримт бичгийн хамт соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.11.Саналыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн бол энэ тухай санал гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 7 хоногт багтаан хүргүүлнэ.
Гурав.Саналыг хянан шийдвэрлэх
3.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авч, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл (цаашид "Мэргэжлийн зөвлөл" гэх)-өөр ажлын 10 хоногт багтаан хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулах арга хэмжээ авна.
3.2.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн соёлын биет бус өвийг үндэсний жагсаалтад бүртгүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
3.3.Нэр дэвшүүлсэн өв энэ журамд заасан шаардлагыг хангаагүй тухай Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан бол холбогдох баримт бичгийг тайлбарын хамт ажлын 5 хоногт багтаан Соёлын өвийн үндэсний төвд буцаан хүргүүлнэ.
3.4.Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 3.3-т заасан тайлбар, баримт бичгийг ажлын 5 хоногт багтаан санал гаргасан иргэн, хуулийн этгээдэд хүргүүлнэ.
Дөрөв.Төлөв байдлын үнэлгээ
4.1.Соёлын өвийн үндэсний төв 3 жил тутам үндэсний жагсаалтад бүртгэсэн соёлын биет бус өвийн төлөв байдалд энэ журмын 2.7-д заасан аргачлалын дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулна.
4.2.Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 4.1-д заасан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад бүртгэсэн соёлын биет бус өвийн оршин тогтнох чадвар нь тогтворжсон бол төлөөллийн үндэсний жагсаалтад, төлөөллийн үндэсний жагсаалтад бүртгэсэн соёлын биет бус өвийн оршин тогтнох чадвар нь доройтож, устах, мартагдах аюулд орсон бол яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад шилжүүлэх саналыг боловсруулж, энэ журмын 2.10-д заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.3.Соёлын биет бус өвийг үндэсний жагсаалт хооронд шилжүүлэх саналд энэ журмын 2.9-д заасан байгууллагуудаас санал авч, хавсаргасан байна.
4.4.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын биет бус өвийг үндэсний жагсаалт хооронд шилжүүлэх асуудлыг энэ журмын 3.1-3.3-т заасны дагуу зохион байгуулна.
Тав.Бусад зүйл
5.1.Үндэсний жагсаалтад бүртгэсэн соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчлах ажлыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүх шатны Засаг дарга, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулна.
5.2.Соёлын өвийн үндэсний төв болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь соёлын биет бус өвийг үндэсний жагсаалтад нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээллийг тухай бүр цахим хуудаст нээлттэй, ил тод байрлуулна.
5.3.Үндэсний жагсаалтад нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээллийг цахим хуудаст нээлттэй, ил тод байрлуулах нь хувь хүн, бүлэг хүн, хамт олны эрх ашигт сөргөөр нөлөөлөх бол албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу тэдний алдар нэр, бусад мэдээллийг нууцалж болно.
5.4.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.
---о0о---