ИРГЭН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨХ ҮҮ?
Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-аар зохицуулж байна.
Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч болохоор хуульчилжээ.
Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг дор дурдсанаар тодорхойлно. Үүнд:
- Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр;
- Хэрэв үл хөдлөх эд хөрөнгө нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр;
- Хэрэв хөрөнгийг даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлохоор байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дээр дурдсан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулах бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-аар өөрчилсөн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж байна.
Мөн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр заажээ.
Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр тооцно.
Мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэг удаа төлнө.
Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албандаа тушаана.
Эх сурвалж: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль