ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ ЖУРАМ

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг баталжээ.

Тус журмыг гэрчилгээжүүлэх байгууллага болон үндэсний сангийн үйл ажиллагаа хариуцагч нар дагаж мөрдөнө.

Тоон гарын үсгийн мэдээллийн сан

Гэрчилгээжүүлэх байгууллага нь тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээллийн сан үүсгэж хөтлөх бөгөөд уг мэдээллийн санд дараах төрлийн мэдээллийг тусгана:

- Гэрчилгээний дугаар;

- Гэрчилгээ олгосон он,сар,өдөр;

- Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа;

- Гэрчилгээг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон хугацаа, үндэслэл;

- Тоон гарын үсгийн гэрчилгээний эх хувь;

- Тоон гарын үсгийн гэрчилгээний бүртгэл;

- Тоон гарын үсгийн гэрчилгээний хувийн түлхүүр;

- Тоон гарын үсгийн гэрчилгээний нийтийн түлхүүр;

- Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ.

Гэрчилгээжүүлэх байгууллага өөрийн гэрчилгээний бодлого, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг Монгол болон Англи хэлээр өөрийн цахим хуудсанд нийтэлнэ.

Мэдээллийн санд бүртгэгдсэн хүн, хуулийн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон мэдээллийг шалгахдаа цахим хэлбэрээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Тоон гарын үсгийн мэдээллийн сан хөтлөх

Гэрчилгээжүүлэх байгууллага тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээллийн сангийн аюулгүй тасралтгүй байдлыг дараах байдлаар хангана:

- Хэрэв гэрчилгээжүүлэх байгууллага хос түлхүүрийг үүсгэсэн бол хэрэглэгчийн тоон гарын үсгийн хувийн түлхүүрийн сан үүсгэх;

- Хэрэглэгчийн тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийг веб үйлчилгээний санд хадгалж хөтлөх, онлайнаар шалгах, үзэх боломжийг хангах;

- Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг бүртгэлийн нэгжээс авч тоон гарын үсгийн мэдээллийн сан нэгтгэх;

- Хүчингүй болгосон гэрчилгээний сан үүсгэж, бүртгэл хөтлөх;

- Мэдээллийн сангийн нөөц хуулбарыг үүсгэж, гамшгийн үед сэргээн ажиллуулах боломжийг хангах;

- Бүртгэлийн нэгжийн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хяналт тавих;

- Мэдээллийн санд хандах хандалтын удирдлагыг зохион байгуулах, түүнийг үүсгэх, хөтлөх, боловсруулах, дамжуулах, мэдээлэл олгох дараалал, мэдээллийн сангийн аюулгүй байдлын бодлогыг баталж хэрэгжүүлэх;

- Бүртгэлийн нэгжийн мэдээллийн сангаас мэдээлэл авах технологийн шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх.

Гэрчилгээний мэдээллийг нийтлэх

Гэрчилгээжүүлэх байгууллага нь хэрэглэгчид олгосон гэрчилгээг өөрийн цахим хуудсанд ажлын зургаан цагийн дотор нийтлэн, хайлт хийх, гэрчилгээг татаж авах боломжоор хангана.

Хүчингүй гэрчилгээний жагсаалтыг тэр даруйд нь, бусад шинэчлэгдсэн мэдээллийг нэг цагийн дотор нийтэлнэ.

Гэрчилгээжүүлэх байгууллагын баримт бичгүүд шинэчлэгдсэн тохиолдолд ажлын 3 хоногийн дотор өөрийн цахим хуудсанд нийтэлнэ.

Мэдээллийн сангийн аюулгүй байдал

Гэрчилгээжүүлэх байгууллага нь өөрийн мэдээллийн санд зөвшөөрөлгүй этгээд хандах, мэдээлэл нэмэх, өөрчлөх болон устгах боломжийг хязгаарласан логик болон физик түвшний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй байна.

Гэрчилгээжүүлэх байгууллага нь Кибер аюулгүй байдлын тухай хууль болон энэ хуульд заасны дагуу баталсан журам, стандартыг дагаж мөрдөнө.

Бусад зүйл

Мэдээллийн санд хандах нууц үг алдагдсан, хандалтын механизм саатсан, ажиллагаагүй болсон, халдлагад өртсөн шинж илэрвэл илрүүлсэн ажилтан мэдээллийн аюулгүй байдлын ажилтанд нэн даруй мэдэгдэж солих, хаах, сэргээх болон бусад аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэн даруй авна.

Мэдээллийн санг хөтлөх, нөөцлөх, сэргээх, хандахтай холбоотой зөрчилдөөн, маргаан үүссэн тохиолдолд гэрчилгээжүүлэх байгууллагын удирдлагууд оролцсон ажлын хэсэг байгуулж асуудлыг шийдвэрлэнэ.

--000--