ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
Хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг Хувь хүний орлогын албан татварын хуулиар зохицуулдаг.
Улсын Их Хурал 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсан хуулийг баталсан байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлд албан татвар суутган тооцох, төсөвт төлөх харилцааг зохицуулсан хэсэгт 25.7 /Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн энэ хуулийн 21.1-д заасны дагуу цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогод ногдох албан татвар, 23.1-д заасны дагуу эдлэх хөнгөлөлтийг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ/ гэсэн заалтыг нэмжээ.
Өөрчлөлт орохоос өмнөх хуулийн зохицуулалт |
Хуульд орсон өөрчлөлт |
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна” гэж заасан. |
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсан байна. Үүнд: Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 1. 0-120,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 2. 120,000,001-180,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12,000,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 3. 180,000,000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21,000,000 төгрөг дээр 180,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна гэж заасан. |
Өөрөөр хэлбэл, цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулж байсныг өөрчлөн 0-120,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120,000,001-180,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12,000,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21,000,000 төгрөг дээр 180,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар зохицуулсан байна.
Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод:
- ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
- ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;
- ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг;
- төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;
- гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;
- үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
- хоол, унааны мөнгө хамаарна.
Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, ажил, үйлчилгээний орлогыг шууд бус орлогод:
- үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн;
- орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр;
- үзвэр үйлчилгээний олговор;
- ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;
- ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;
- арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
- ажил олгогчийн төлсөн сайн дурын амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжаас бусад сайн дурын даатгалын хураамж;
- гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр;
- Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр;
- эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл
дээрхтэй адилтгах бусад орлого тус тус хамаарна.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532027552761&showType=1