БАНКИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ ШИНЭЭР БАТЛАГДЖЭЭ

Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Банк нь өөрийн үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгаж, төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан тогтворжуулах төлөвлөгөөг тогтоосон хугацаанд Монголбанкинд ирүүлнэ гэж заасан байдаг.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-25 дугаар тушаалаар Банкийг тогтворжуулах төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх журмыг шинэчлэн баталжээ. (Журам: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758293963141)

Энэхүү журмын зорилго нь банкны тогтворжуулах төлөвлөгөөний бүтэц, агуулгыг тодорхойлж, төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Уг  журам нь нийтлэг үндэслэл, тогтворжуулах төлөвлөгөөний бүтэц, хураангуй, удирдлага, зохион байгуулалт, банкийг тогтворжуулах арга хэмжээ боловсруулах, үнэлэх, тогтворжуулах арга хэмжээ, олон нийттэй харилцах стратеги, банкны урьдчилсан бэлтгэл арга хэмжээ, тогтворжуулах төлөвлөгөөг тайлагнах, хяналт хариуцлага гэсэн 10 хэсгээс бүрдэнэ.

Журамд банкны тогтворжуулах төлөвлөгөө нь банкны үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, банкны төлбөрийн чадвар болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн байна. Харин төлөвлөгөөнд Засгийн газраас аливаа хэлбэрээр дэмжлэг, хөнгөлөлт авах арга хэмжээ, Монголбанкнаас олгох төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зээлээс бусад хөнгөлөлт, дэмжлэгийг тусгахгүй хэмээн заажээ.

Монголбанк нь банкнаас ирүүлсэн тогтворжуулах төлөвлөгөөг шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажиллах бөгөөд энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, журмын заалтыг зөрчсөн этгээдэд Банкны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Энэхүү журам батлагдсантай холбоотой Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-226 дугаар тушаалаар батлагдсан "Банкийг тогтворжуулах төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсон байна.