МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ГАДААДАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫГ БАТАЛЛАА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар “Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна.
Энэхүү журмаар Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх, зуучлагч болон зуучлуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах харилцааг зохицуулна. Монгол Улсын иргэн буюу зуучлуулагчийг гадаадад хөдөлмөр эрхлэх эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээг Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд буюу зуучлагч эрхлэн явуулна.
Зуучлагч Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 5.1.2-т заасан “гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ”-ээр тохирсон эдийн засгийн салбар, ажлын байр, ажил, мэргэжлийн захиалгад нийцүүлэн хүсэлт гаргасан зуучлуулагчийг бүртгэх бөгөөд Зуучлагч зуучлуулагчид ажлын байрны нөхцөл, цалин хөлс, тухайн улсад төлөх нийгмийн даатгал, татвар зэрэг хууль тогтоомжоор мэдээллэх үүрэг болгосон мэдээллийн талаар үнэн зөв зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн зуучлагч гадаадад ажиллах хүсэлтэй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсний үндсэн дээр энэхүү журмын хавсралтаар баталсан “Зуучлах үйлчилгээнд хамрагдах иргэнийг бүртгэх хуудас”-ыг зуучлуулагчаар бөглүүлнэ.
Түүнчлэн зуучлагч нь Монгол Улсын хууль, дүрэм, журамд нийцүүлэн сонгон шалгаруулалт зохион байгуулах дотоод журам баталж, мөрдөнө. Дотоод журамд зуучлагч зуучлах үйлчилгээг иргэнд адил тэгш, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор зуучлуулагчид тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт зохион байгуулах дараалал, шалгалт авах зохион байгуулалт, зуучлах дараалал, зуучлах боломжит хугацаа, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт зэргийг тодорхой тусгах ба журмыг олон нийтэд нээлттэй байршуулж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр зохицуулсан байна.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758312533581