"СОЁЛ, СПОРТ, ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ, ЭРХИЙГ ХАМГААЛАХ" ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

   Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Соёл урлагийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/242, А/76 дугаар хамтарсан тушаалаар “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах тухай журамлагдсан байна.
   Энэхүү “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах тухай журмыг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9.1, 91.1 дэх хэсэгт заасны дагуу соёлын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, олон нийтийг хамарсан арга хэмжээ, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан спортын тэмцээний үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулагч болон оролцогч талууд энэхүү журмыг мөрдөн ажиллана.
   Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулагч болон оролцогч талууд нь дараах зарчмыг баримтална.
1. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих;
2. Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх;
3. Хүүхдийн язгуур эрх ашгийг хүндэтгэн, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;
4. Хүүхдийн нас, бие сэтгэхүй, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;
5. Хүүхэд оролцох соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаа нь улс төрийн нам, хувь хүн болон хуулийн этгээдийн хувийн ашиг сонирхлоос ангид байх;
6. Хүүхдийн, бие физиологийн онцлог, хувийн нууцыг хадгалах, нэр төрийг эрхэмлэх; 
   “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах тухай” журмын нэгдүгээр зүйлд нийлэг үндэслэл, хоёрдугаар зүйл хоёрдугаар зүйлд Удирдлага, зохион байгуулалт, гуравдугаар зүйлд Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүрэг, дөрөвдүгээр зүйлд Хүүхдийг тээвэрлэх үйл ажиллагаа, тавдугаар зүйлд Журмын хэрэгжилтэд хяналт тавихаа зохицуулсан байна.
   Энэхүү журмын хэрэгжилтэд тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
   Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах явцад хүүхдийн эрх зөрчлийн талаар эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд өөрөө болон зохион байгуулагч, оролцогч талын зүгээс Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төв, Хүүхдийн эрхийн улсын байцаагчид заавал мэдээлнэ.
   Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулагч, оролцогч талууд нь энэ журам, холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл бүрдсэн, хохирол учирсан тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.