ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

   “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн баримт бичигт тавигдах шаардлага” журмын зорилго нь Зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тус тус заасан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд (цаашид "тусгай зөвшөөрөл хүсэгч")-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичигт тавигдах шаардлагыг тогтооход оршино.
   Тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг баримт бичгийн хамт Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт цаасан хэлбэрээр эсхүл цахимаар ирүүлнэ. Цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ.
   Тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. Зөвшөөрөл хүссэн өргөдөл.
2. үүсгэн байгуулагчийн шийдвэр;
3. тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон хэрэгцээний тодорхойлолт;
4. Мэргэжлийн үйл ажиллагааны төсөл;
5. эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр;
6. эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт;
7. эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт, мэргэжилтний бүртгэлийн дугаар, хөдөлмөрийн харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл.