ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

   Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах журам нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 05 сарын 26-ны өдрийн А/183, А/112 тушаалаар батлагдсан байна.
   Энэхүү журмаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээд болон зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах үйл ажиллагааны хүрээ, шалгаруулахад тавигдах шаардлага, урамшууллын хэлбэр, зохион байгуулалт, санхүүжилт зэрэг харилцааг зохицуулна.
   Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон, тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хүн, хуулийн этгээд, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.                                                              
   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авахад энэхүү журмыг дагаж мөрдөхгүй.
   Гэмт  хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хуулийн этгээдийг шалгаруулахад дараах шаардлага тавигдана. Үүнд:                            
1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг салбар зөвлөлийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан үр дүнтэй зохион байгуулсан;                              
2.Тухайн нутаг дэвсгэрийн төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага, олон нийтийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн;                   
3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэр хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажилласан;        
4.Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг шинжлэх ухааны ололт амжилт, орчин үеийн техник технологи ашиглаж, хөгжүүлсэн;     
5.Байгууллага өөрийн үйл ажиллагаа болон дотооддоо гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн;   
6.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг хүн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн;
7.Хууль сахиулах болон цагдаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн мэдэгдэл, шаардлагын мөрөөр арга хэмжээ зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн;         
8.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30.4-т заасан дэмжлэг үзүүлсэн;                    
9.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр үр дүнтэй зохион байгуулсан бусад ажил, арга хэмжээ;    
10.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй шинэлэг арга хэмжээ нэвтрүүлсэн.            
   Гэмт  хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүнийг шалгаруулахад  дараах шаардлага тавигдана. Үүнд:                                 
1.Нутгийн захиргааны болон хууль сахиулах байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа ажил, арга хэмжээг дэмжиж, сайн дураар оролцсон;             
2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.1.2, 31.1.3, 31.1.4-т заасан үүргийг хэрэгжүүлсэн байдал;                                      
3.Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг өөрийн санаачлагаар хийж хэрэгжүүлсэн байдал;                       
4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулсан;
5.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг шинжлэх ухааны ололт амжилт, орчин үеийн техник технологи нэвтрүүлж, ашиглах талаар идэвх, санаачлагатай ажилласан байдал;      
6.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30.4-т заасан дэмжлэг үзүүлсэн байх;      
7.Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх хууль тогтоомж зөрчөөгүй байх;
8.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй шинэлэг ажил санаачилж, үр дүнд хүрсэн байна.            
   Хүн, хуулийн этгээдийг урамшуулах хэлбэр
   Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон, тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн хүн, хуулийн этгээдийг жилд нэгээс доошгүй удаа шалгаруулж, дараах хэлбэрээр урамшуулна.          
   Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу хүн, хуулийн этгээдийг дараах хэлбэрээр урамшуулна.                    
1.мөнгөн шагнал олгох;   
2.үнэ бүхий зүйл дурсгах;              
3.салбар, байгууллагын шагналд тодорхойлох;                 
4.төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналд нэр дэвшүүлэх.  
   Мөнгөн шагнал олгох, Үнэ бүхий зүйл дурсгах, Салбар, байгууллагын шагналд тодорхойлох тус тус урамшууллыг салбар зөвлөл олгоно. Төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналд нэр дэвшүүлэх шагналд салбар зөвлөл нэр дэвшүүлж, материалыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлнэ. 
   Зөвлөлийн саналыг үндэслэн Төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох журмын дагуу тодорхойлж, шийдвэрлүүлнэ.
   Энэхүү журмын хоёрдугаар зүйлд хүн, хуулийн этгээдийг шалгаруулахад тавигдах шаардлага, гуравдугаар зүйлд хүн, хуулийн этгээдийг урамшуулах хэлбэр, дөрөвдүгээр зүйлд зохион байгуулалт, шалгаруулалт, тавдугаар зүйлд зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах, үнэлэх, урамшуулах, зургадугаар зүйлд хүн, хуулийн этгээдийг урамшуулах санхүүжилт, долоодугаар зүйлд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан байна.