ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/155 дугаар тушаалаар батлагдсан.
Ойн дагалт баялаг /цаашид "нөөц" гэх/-ийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилд ашиглах хуш модны самраас бусад нөөцийн дээд хязгаарыг Ойн ангийн дүгнэлт, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 2.4-т заасан дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум тус бүрээр хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийн дээд хэмжээг тухайн оны 10 дугаар сарын 10-ны дотор шийдвэрлэнэ.
Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах ойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага бэлтгэх бөгөөд энэ журмын 2.1, 2.5 дахь хэсэгт заасан дээд хязгаарт багтаан сумын Засаг дарга гэрээ байгуулна.
Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын гэрээгээр эзэмшсэн ойн санд бусад этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг бэлтгэх тохиолдолд сумын Засаг дарга ойн санг гэрээгээр эзэмшигчтэй урьдчилан зөвшилцсөн байна.
Ойн анги нь энэхүү журмын 3.1-д заасан нөөц бэлтгэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид дараах шаардлагыг хангуулж, хуш модны самрыг ашиглах талбайн зураглал болон ашиглах нөөцийн хэмжээг ашиглалт явуулах талбай тус бүрээр энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу гарган, хүлээлгэн өгнө. Үүнд:
1. Нөөцийг бэлтгэх талаар иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулж, иргэдийн мэдээллийг бүрдүүлсэн байх,
2. Нөөц бэлтгэх иргэдийг хөдөлмөр хамгааллын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтад хамруулсан байх,
3. Ойн ангитай хамтран нөөцийг бэлтгэх иргэдийн бүлгийг ойн экосистемд сөрөг нөлөөгүй арга, технологиор түүж бэлтгэх талаарх сургалтад хамруулсан байх,
4. Тухайн суманд бэлтгэсэн нөөцийг хүлээн авах төвлөрсөн цэгийг байгуулсан байх,
5. Нөөцийг бэлтгэх онцлогт тохирсон арга зүй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй зориулалтын багаж, техник, хэрэгслээр хангагдсан байх,
6. Бэлтгэсэн нөөцийг тээвэрлэх машин техникээр хангагдсан байх,
7. Нөөц бэлтгэх багийн ахлагч нь байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй байх,
8. Нөөц бэлтгэх баг нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон түймэр унтраах багаж хэрэгслээр хангагдсан байх,
Бэлтгэх нөөцийн дээд хязгаарт багтаан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.29 дэх заалтад заасны дагуу Ойн анги эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нөөц бэлтгэх зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно.
Эрхийн бичиг нь Ойн тухай хуулийн 38.2-д заасан агуулга бүхий энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загвартай байна.
Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичгийг тухайн бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагч олгоно.
Байгаль хамгаалагч нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохдоо иргэний үнэмлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх эрх бүхий этгээдэд зөвшөөрөл олгохдоо Засаг даргатай байгуулсан гэрээ, Ойн ангиас хүлээлгэн өгсөн нөөц бэлтгэх талбайн зураг, нөөц тогтоосон баримт бичиг зэргийг шалгаж, бүртгэл хөтлөн, ойд нэвтрүүлнэ.
Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөц бэлтгэх эрхийн бичгийг тухайн газарт нэг удаа олгох ба тус газарт ахуйн болон бусад зориулалтаар нэмж зөвшөөрөл олгохгүй.
Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 30 хүртэл хоногийн хугацаатай олгоно.
Байгалийн хүчин зүйлийн улмаас нөөцийг бэлтгэж амжаагүй талаарх хүсэлтийг үндэслэн, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нэг удаа иргэнд 5 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 10 хүртэл хоногийн хугацаагаар эрхийн бичгийг сунгаж болно.
Нөөцийг ашиглах дээд хэмжээ
Ойн анги болон тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нь нөөцийн тархац, нөхөн сэргээгдэх чадвар, хувийн жин, тухайн жилийн ургацын байдлыг харгалзан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж болох дээд хэмжээг эрхийн бичигт зааж өгнө.
Нөөцийг ашиглах хугацаа
Жимс, жимсгэнийг төрлөөр нь бүрэн боловсорч гүйцсэний дараа, 7-9 дүгээр саруудад, Мөөгийг 7-9 дүгээр саруудад, Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 05 дугаар сарын 1-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд, Модны давирхайг ургамлын ургалтын хугацаанд буюу 5 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд, Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд түүж бэлтгэнэ.
Нөөцийг ашиглах иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг
1. Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч нь нөөцийг бэлтгэх талбайн зураглал болон нөөц тогтоолгоход гарах зардлыг хариуцна.
2. Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг бэлтгэхээр гэрээ байгуулсан ойн мэргэжлийн байгууллага /ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах/ нөөцийг бэлтгэн нийлүүлэх талаар иргэдийн бүлэг, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн түр болон хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
3. Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг бэлтгэхээр гэрээ байгуулсан ойн мэргэжлийн байгууллага /ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах/ тухайн суманд нөөцийг хүлээн авах төвлөрсөн цэгтэй байх бөгөөд тус цэгт гэрээт бэлтгэн нийлүүлэгч тус бүрээр нөөцийг бэлтгэж нийлүүлсэн талаар бүртгэл хөтлөн, хүлээн авч, төлбөр тооцоог хийж, и-баримт олгоно.
4. Нөөцийг хүлээн авах төвлөрсөн цэгээс гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэсэн нөөцийн хэмжээг тээврийн хэрэгсэл тус бүрээр бүртгэл хөтөлж, бэлтгэсэн болон тээвэрлэсэн нөөцийн талаар 7 хоног тутам Ойн ангид мэдээлэл хүргүүлнэ.
5. Нөөц бэлтгэх иргэдийн бүлгийн ажилчдыг хариуцсан байгаль хамгаалагчид бүртгүүлж, эрхийн бичигт заасан хугацаанд ойгоос буулгана.
6. Хуш модны самрыг бэлтгэж дууссаны дараа ажлын гүйцэтгэлийг Ойн ангид актаар хүлээлгэн өгч, дараа оны 2 дугаар сарын 01-ний дотор ойн сангаас нөөцийг бэлтгэж, тээвэрлэж дууссан байна.
7. Иргэн ахуйн зориулалтаар нөөцийг түүж ашиглахдаа зөвхөн байгаль хамгаалагчийн заасан газраас түүж бэлтгэнэ.
8. Ойн дагалт баялгийг бэлтгэх үед дараах зүйлийг баримтлан ажиллана.
9. Иргэн, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага нь тогтоосон хэмжээнээс хэтрүүлж түүсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
10. Нөөцийн боловсруулалт, худалдаа, үйлчилгээний ажил эрхэлдэг, аж ахуй нэгж байгууллага нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн болон гарал үүслийн гэрчилгээгүй нөөцийг худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан бол хариуцлага хүлээлгэнэ.
11. Судалгаа шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглахаар бэлтгэсэн нөөцийг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор худалдан борлуулахгүй.
12. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэхгүй.
Нөөцийг тээвэрлэх
Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн нөөцийг бусад аймаг, сум, хот, нийслэл рүү тээвэрлэхэд эрхийн бичгийг үндэслэн, гарал үүслийн гэрчилгээг /цаашид ''гарал үүслийн гэрчилгээ'' гэх/ Ойн анги /байхгүй бол сумын Засаг даргын томилсон эрх бүхий ажилтан/ олгоно. Гарал үүслийн гэрчилгээг тээврийн хэрэгсэл тус бүрээр олгоно.
Нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх
Ойн анги нь ойн дагалт баялгийн нөөцийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх судалгааг 4 жил тутамд шинжлэх ухааны байгууллага болон эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгэнэ.
Нөөцийг бэлтгэж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ойн экосистемд сөрөг нөлөөгүй арга, технологиор бэлтгэнэ.
Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн анги нь иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нөөц ашиглалтын байдалд хяналт, шинжилгээ хийж, нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хуш модны самрын нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн этгээд бэлтгэсэн нөөцийнхөө 2000 кг тутамд 1.0 га-д өөрийн хөрөнгөөр ойг нөхөн сэргээх эсвэл ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлийн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах замаар хийж гүйцэтгэн, тухайн суманд байгуулагдсан ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг хүлээж авах ажлын хэсэгт актаар хүлээлгэн өгч, энэ талаарх гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны 10 дугаар сарын 15-ны дотор Ойн ангид хүргүүлнэ.
Хяналт тавих
Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Ойн анги, Цагдаагийн байгууллага, Төрийн бус байгууллага, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, нь нөөцийг ашиглах, тээвэрлэх үйл ажиллагаанд байнга хяналт тавина.
Гүйцэтгэлийг хүлээн авах, тайлагнах
Ойн анги үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөц бэлтгэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, 4 дүгээр хавсралтад заасан загварын дагуу акт үйлдэнэ.
Ойн анги тухайн жилийн нөөц ашиглалтын мэдээг нэгтгэн, урьдчилсан тайланг 12 дугаар сарын 01-ний, эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.
Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь урьдчилсан мэдээ, тайланг 12 дугаар сарын 15-ны дотор, эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 01-ний дотор ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Хүлээлгэх хариуцлага
Нөөцийг бэлтгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж зөрчсөн иргэн, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.