СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТЫН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Энэхүү журмаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан (менежер, зохион байгуулагч, зөөгч, бармен, хамгаалагч гэх зэрэг)-д хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх сургалт зохион байгуулах хуулийн этгээдэд тавигдах шаардлага, сургалтын хөтөлбөр болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх харилцааг зохицуулдаг.
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байх бөгөөд сургалтыг ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхлэн явуулна.
Сургалт эрхлэн явуулах хуулийн этгээд нь сургалт зохион байгуулсан талаарх тайлан, мэдээг улирал тутам аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж, тайлагнана.
Уг сургалтад элсэгч нь нийт 4-н цагийн сургалтад хамрагдсан байх бөгөөд сургалтад бүрэн хамрагдаж, шалгалтад тэнцсэн элсэгчдэд гэрчилгээ олгоно. Гэрчилгээний хүчинтэй хугацаа 3-н жил байх бөгөөд гэрчилгээний хугацаа дуусмагц бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь 4 цагийн сургалтад бүрэн хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд дахин 3-н жилийн хугацаагаар гэрчилгээг олгоно.
Дараах тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгоно. Үүнд:
1.Гэрчилгээ эзэмшигч хүсэлт гаргасан;
2.Гэрчилгээг бусдад шилжүүлсэн, дамжуулсан, ашиглуулсан;
3.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон энэхүү журмыг зөрчсөн бол.
Сургалтад элсэгч шалгалтыг биечлэн өгөх бөгөөд шалгалтын асуулгыг сургалт эрхлэн явуулах хуулийн этгээд улирал бүр шинэчилнэ.
Сургалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд:
1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг таниулах;
2.Үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх;
3.Согтууруулах ундааны нийгэмд үзүүлэх нөлөөлөл;
4.Согтууруулах ундааны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл;
5.Насанд хүрээгүй, эсвэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчдэд согтууруулах ундаагаар үйлчлэхээс зайлсхийх арга барил;
6.Бусад.
Тус журамд зааснаар уг сургалтын төлбөр нь 40.000 /дөчин мянга/ төгрөг байх бөгөөд 50 хувь буюу 20.000 /хорин мянга/ төгрөгийг сургалтад элсэгч төлнө. Үлдэгдэл 50 хувь буюу20.000 /хорин мянга/ төгрөгийг Аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас санхүүжүүлнэ гэж заажээ.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/
Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журамын