ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 сарын 21-ний өдрий 236 дугаартай тогтоолоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна. Засгийн газрын тогтоолыг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Уг журам шинэчлэн батлагдсанаар Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсон байна.
Уг журмаар Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлыг зохицуулсан бөгөөд Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, Хүүхдийн мөнгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэх, Хүүхдийн мөнгө олгохыг зогсоох, түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулжээ. Тухайлбал:
Хүүхдийн мөнгийг арилжааны банкны дансаар дамжуулан олгох бөгөөд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол хүүхдийн мөнгө авах банкийг өөрөө сонгож, банканд данс нээлгэнэ.
Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол өөрөө сум, хорооны нийгмийн ажилтанд хандан биечлэн, эсхүл халамжийн нэгдсэн систем "ehalamj" болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Моngolia"-д хандан цахим хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлт гаргасан сараас нь тооцож олгохоор заажээ.
Мөн Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол өөрөө Хүүхдийн төлөө санд хүүхдийн мөнгөө шилжүүлэх хүсэлт гаргаж болохоор тусгажээ. Хүүхдийн төлөө санд хүүхдийн мөнгөө шилжүүлэх хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтан, эсхүл халамжийн нэгдсэн систем "ehalamj" болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Моngolia"-д бүртгэнэ.
Хүүхдийн мөнгө олгохыг зогсоохдоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд зогсоох шийдвэр гаргана. Үүнд:
1.хүүхэд 18 нас хүрсэн;
2.хүүхэд нас барсан;
3.Монгол Улсын харьяатаас гарсан;
4.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээдийн, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрийн хүсэлтээр Хүүхдийн төлөө санд шилжүүлсэн;
5.хуурамч баримт бичиг бүрдүүлэн хүүхдийн мөнгө авсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон.
Харин дараахь тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхдийн мөнгө олгохыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана: Үүнд:
1.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
2.эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
Уг журмаар мөн өрхийн гишүүн-иргэн хүүхдийн мөнгийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээлд суутгахыг хориглоно гэж зохицуулжээ.