ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ ШААРДЛАГА

   Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 384 дугаар тогтоолоор “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага”-ыг Хавсралтаар баталсан юм. 
   Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос хадгаламж, зээлийн хоршоо /цаашид "ХЗХ" гэх/-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих болон холбогдох бусад харилцааг зохицуулахад оршино.
   Хадгаламж, зээлийн хоршоо нь үйл ажиллагаандаа хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж дараах шаардлагыг хангана:
1. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлах;
2. Бүх гишүүдийн ээлжит хурлыг хуулийн хугацаанд зарлан хуралдуулж Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүх гишүүдийн хурлын бүрэн эрхийн асуудлуудыг бүрэн хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргах, хуралдааны тэмдэглэлийг хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хөтөлж хурал хуралдсанаас хойш 30 хоногийн дотор Хороонд хүргүүлэх;
3. Хорооноос тогтоосон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаx;
4. Актив хөрөнгийг холбогдох журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулах;
5. Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хөтлөх;
6. Санхүүгийн тайланг Аудитын тухай хуульд заасны дагуу баталгаажуулах;
7. Хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хугацаанд нь төвлөрүүлэх;
8. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
9. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 46.2-т заасны дагуу санхүүгийн болон зохистой харьцааны тайлан, статистик мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд зохих маягтын дагуу гаргаж Хороонд хүргүүлэх;
10. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу харилцагч/гишүүнийг таньж мэдэх ажиллагааг гүйцэтгэж, эцсийн өмчлөгчийг тогтоох арга хэмжээ авах, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны https://goaml.mongolbank.mn/ цахим системд бүртгүүлэн сэжигтэй гүйлгээг 24 цагийн дотор, 20 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүн бүхий бэлэн мөнгөний гүйлгээний мэдээллийг ажлын 5 хоногийн дотор мэдээлэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулгыг хагас жил тутам Хороонд цахимаар хүргүүлэх;
11. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1-д заасны дагуу хоршооны үйл ажиллагааны онцлогт нийцсэн "Дотоод хяналтын хөтөлбөр"-ийг боловсруулан бүх гишүүдийн хурлаар батлах, энэхүү хуулийн 14.4.11-т заасны дагуу дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг томилон, тогтмол хяналт тавьж ажиллах;
12. Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдтэй мэдээлэл өгөх, авах гэрээг байгуулах, зээлдэгч гишүүдийн мэдээллийг тогтмол нийлүүлэх, зээл олгох бүр мэдээллийн сангаас лавлагаа авч зээлийн эрсдэлээс сэргийлж ажиллах;
13. Хадгаламж болон зээлийн үйл ажиллагааны бодлогыг бүх гишүүдийн хурлаар батлах, уг бодлогод нийцүүлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны журмыг тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар баталж мөрдүүлэх;
14. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Хорооноос баталсан журам, заавар, загвар, зөвлөмжийн дагуу холбогдох дотоод журам, заавар, аргачлалыг бүх гишүүдийн хурал болон тэргүүлэгчдийн зөвлөлөөр баталж мөрдөх;
15. Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал болон салбарын захирал нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34.3, 34.4, 34.11, 36.5, 38.5, 39.6, Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд  заасан шаардлагыг хангасан байх;
16. Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал болон салбарын захирал нь сонгогдож, томилогдсоноос хойш 6 сарын хугацаанд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;
17. Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, салбарын захирал болон нягтлан бодогч өөрчлөгдсөн бол энэхүү нөхцөл, шаардлагын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан өргөдөл, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан шаардлагыг хангасан болохыг нотлох баримтын хамт ажлын 10 өдрийн дотор Хороонд бичгээр мэдэгдэх;
18. ХЗХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах 2-оос доошгүй ажилтан (гүйцэтгэх захирал болон нягтлан бодогч эсхүл гүйцэтгэх албаны бусад ажилтан)-тай байх;
19. Үйл ажиллагаа явуулах ажлын байр болон салбарын ажлын байр, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн программ хангамж нь тухайн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, шаардлагыг хангасан байх;
20. Үйл ажиллагаа явуулах ажлын байр болон салбарын ажлын байр нь барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан байх;
21. Санхүүгийн бэлэн бус гүйлгээг зөвхөн ХЗХ-ны нэр дээрх арилжааны банкин дахь дансаар хийх;
22. ХЗХ нь гишүүдийн бүртгэлийг тогтмол хөтлөх ба гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл болон хувь хөрөнгийн өөрчлөлтийн мэдээллийг хагас, бүтэн жилээр Хороонд мэдэгдэх;
22.а.Гишүүн хувь хүн бол бүртгэлд овог, нэр, регистрийн дугаар, хаяг, холбоо барих утас, оруулсан хувь хөрөнгийн хэмжээ, гишүүнээр элссэн огноо зэрэг мэдээллүүд багтсан байна.
22.б.Гишүүн хуулийн этгээд бол бүртгэлд хуулийн этгээдийн регистрийн дугаар, хувьцаа эзэмшигчдийн тоо, хувьцаа эзэмшигчийн овог нэр, регистрийн дугаар, оруулсан хувь хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллүүд багтсан байна.
23. Гишүүдийн оруулж буй хувь хөрөнгө тухайн иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон орлого эсэхийг ХЗХ нь тухай бүр нягталдаг байх;
24. Салбар нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан гишүүнчлэлийн нөхцөлийг хангасан байх;
25. ХЗХ нь албан ёсны цахим шуудангийн хаяг /ХЗХ-ны нэрийг тусгасан/-тай байх, өөрчилсөн бол ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх;
26. ХЗХ нь оноосон нэрээ өөрчилсөн тохиолдолд энэхүү нөхцөл, шаардлагын 4 дүгээр хавсралтын дагуу гаргасан өргөдөл, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр, ХЗХ-ны дүрэмд тусгасан шинэчилсэн дүрэм болон бүх гишүүдэд оноосон нэрийн өөрчлөлтийн талаар мэдээлснийг нотлох баримтын хамт ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх;
27. Ажлын байрны хаяг байршил өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү нөхцөл, шаардлагын 4 дүгээр хавсралтын дагуу гаргасан өргөдөл, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр, ХЗХ-ны дүрэмд тусгасан шинэчилсэн дүрэм болон бүх гишүүдэд хаяг байршлын өөрчлөлтийн талаар мэдээлснийг нотлох баримтын хамт ажлын 7 өдрийн дотор Хороонд бичгээр мэдэгдэх;
28. ХЗХ нь салбар байгуулсан тохиолдолд энэхүү нөхцөл, шаардлагын 4 дүгээр хавсралтын дагуу гаргасан өргөдөл, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр, ХЗХ-ны дүрэмд тусгасан шинэчилсэн дүрэм болон бүх гишүүдэд салбарын талаар мэдээлснийг нотлох баримтын хамт ажлын 7 өдрийн дотор Хороонд бичгээр мэдэгдэх.