ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ

     Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 384 дугаар тогтоолоор “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага”-ыг Хавсралтаар баталсан юм. 
   Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос хадгаламж, зээлийн хоршоо /цаашид "ХЗХ" гэх/-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих болон холбогдох бусад харилцааг зохицуулахад оршино.
   Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд нь Зөвшөөрлийн тухай хууль болон Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасны дагуу доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж Хороонд ирүүлнэ.
1. Зөвшөөрөл хүссэн албан бичиг;
2. Энэхүү нөхцөл, шаардлагын 1 дүгээр хавсралтын дагуу гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдөл;
3. Үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэр /үүсгэн байгуулагчдын ирцийн бүртгэлийг хуралд оролцсон гишүүдийн гарын үсгээр баталгаажуулсан байх/;
4. Үүсгэн байгуулагчдын хурлаас Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд нийцүүлэн баталсан ХЗХ-ны дүрэм, хадгаламжийн болон зээлийн бодлого, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны ажиллах журам, уг дүрэм, журмыг баталсан хурлын тэмдэглэл, шийдвэр;
5. Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар баталсан хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны журам, журмыг баталсан хурлын тэмдэглэл, шийдвэр;
6. Гишүүдийн оруулж буй хувь хөрөнгө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан, хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон орлого болохыг нотлох баримт, тайлбар тодруулгыг ирүүлэх ба уг мөнгөн хөрөнгийг ХЗХ-ны банкин дахь харилцах дансанд байршуулах;
7. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34, 36 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн томилсон тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүд, хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл шийдвэр, эдгээр албан тушаалтнуудын энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан анкет;
8. ХЗХ-ны үүсгэн байгуулагч гишүүн бүр Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох асуулгыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргах;
9. ХЗХ-ны сонгуульт гишүүд, гүйцэтгэх захирал болон 20 сая төгрөг, түүнээс дээш оруулсан хувь хөрөнгө бүхий гишүүд эцсийн өмчлөгчийг тодорхойлох асуулгыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргах;
10. Энэхүү нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралтын дагуу бэлтгэсэн санхүүгийн эхлэлтийн тайлан тэнцэл;
11. Бүх гишүүдийн хурлаар баталсан 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө;
12. Шаардлагатай тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, зээлийн хорооны дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатайг нотлох тодорхойлолт;
13. Гүйцэтгэх захирлыг томилсон тухай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, тэргүүлэгчдийн зөвлөлийн даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан анкет;
14. Нягтлан бодогчийг томилсон тухай гүйцэтгэх захирлын тушаал, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ болон энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан анкет;
15. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах "Дотоод хяналтын хөтөлбөр", дотооддоо мөрдөх журмыг бүх гишүүдийн хурлаар баталсан тэмдэглэл, шийдвэр, тус дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг томилсон гүйцэтгэх захирлын тушаал;
16. Үйл ажиллагаа явуулах ажлын байр нь түрээсийн бол түрээсийн гэрээ, өөрийн өмчлөлийн бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар.
   Хадгаламж, зээлийн хоршоо нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа Санхүүгийн зохицуулах хороонд хандан Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авна.