МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ

 Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг журам”-д заасан шалгуурыг хангасан, тухайн жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 500 хүртэлх суралцагчид уг тэтгэлгийг олгоно. Тэтгэлэг нь дараах төрөлтэй байна. Үүнд:
1. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг;
2. Засгийн газар хоорондын болон яам, боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хүрээнд бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг;
3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан иргэнийг 1,2-т заасан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг;
4. Бэлтгэл хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг (Энэ тэтгэлгийн хүрээнд гадаадын их сургуулийн суурь хөтөлбөрт, эсхүл дотоодын их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт суралцаж болно).
   Тэтгэлгийн сонгон шалгаруулалт нь бэлтгэл хөтөлбөрт болон тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулах гэсэн хоёр үе шаттай зохион байгуулагдана. 
   1) Бэлтгэл хөтөлбөрт Монгол Улсын сум, хороо тус бүрээс дараахь шалгуур хангасан нэг иргэнийг сонгон шалгаруулна:
- Сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцан төгссөн байх;
- Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын "гадаад хэл-математик", "гадаад хэл-физик", "гадаад хэл-хими", "гадаад хэл-биологи" гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авсан байх;
- Дээр дурдсан хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноо авч сум, хороондоо тэргүүлсэн байх.
   2) Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах иргэнд дараахь ерөнхий шаардлага тавигдана:
- Их, дээд сургуулиас бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах албан ёсны урилга авсан байх;
- IELTS-ийн 6.5 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 100-аас доошгүй оноотой байх эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын оноотой байх.