ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Энэхүү Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөнө.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг харгалзан үзнэ.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох
Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ:
1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах);
2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (Хулгайлах);
3.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл (Залилах);
4.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл (Мал хулгайлах);
5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих).
Энэхүү журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.
Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.
Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.
Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана. Шаардлагатай тохиолдолд хавтаст хэргийн материал болон эмнэлгийн баримт бичиг, материалыг хамт ирүүлнэ.
Энэхүү журмын 2.1-д зааснаас бусад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох болон энэхүү журмын 2.2, 2.4-т заасан шинжилгээг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн сэтгэцийн эмчээр ахлуулсан, сэтгэл зүйчээс бүрдсэн шинжээчийн багаар хийлгэнэ.
Шинжилгээг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын баталсан аргачлалын дагуу хийх бөгөөд аргачлал нь албаны нууцад хамаарна.
Шинжилгээ хийх сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид тавигдах шаардлага
Хүний их эмчээр дээд боловсролын бакалаврын зэргээр төгсөж, эмчийн мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан сэтгэцийн эмч шинжилгээ хийнэ.
Дээд боловсролын бакалаврын зэргээр төгсөж, мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан клиник сэтгэл зүйч шинжилгээ хийнэ.
Шинжээч нь энэ журмын 2.7-д заасан аргачлалын дагуу хувь хүний сэтгэл зүйн онцлогийг оношлон тодорхойлох, үнэлгээ хийх, үр дүнг зөв тайлбарлах, тохирох арга зүйг сонгон хэрэглэх чадвартай байна.
Шинжээч нь мэргэжлийн ёс зүй, байгууллагын дотоод журмыг баримтлан ажиллаж, эмгэг сэтгэц судлалын болон шүүхийн сэтгэц судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байна. Эмнэлгийн мэргэжилтний хувьд мэргэжлийн чадвараа тасралтгүй хөгжүүлж, холбогдох сургалтад тогтмол хамрагдана.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх аргачлал
Шинжилгээ хийх аргачлал нь арван найман насанд хүрээгүй, насанд хүрэгчдийн, сэтгэцийн эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүний гэсэн төрөлтэй, анхдагч, нэмэлт, дахин шинжилгээний гэсэн хэлбэртэй байна.
Шинжилгээний бүх төрөл, хэлбэрт ашиглах аргачлалын асуумж, сорил түүний үр дүнг боловсруулах арга зүйг нь нууцлах бөгөөд энэхүү нууцлал нь шинжээчийн дүгнэлтийн үнэн бодит байдлыг тогтоох, хүвь хүний эмзэг болон эрүүл мэндийн мэдээллийг хамгаалах, тухайн хохирогч өөрийгөө урьдчилан бэлдэх ашиг сонирхолын зөрчилгүй байдлыг бүрдүүлэхэд чиглэнэ.
Шинжилгээ хийх аргачлалын асуумж, сорил, үр дүнг боловсруулах арга зүй, хэрэглэгдэх материал нь шинжээчийн хяналтад нууцлалтайгаар хадгалагдах бөгөөд 2 жил тутамд шинэчилнэ.
Шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
Шинжилгээнд хохирогчийн нас, хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал, тухайн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, чанар зэргийг харгалзан сэтгэцийн эмчийн үзлэг, сэтгэл зүйн болон сэтгэц физиологийн үзүүлэлт, багажийн шинжилгээ (полиграф, эгоскоп, тархины цахилгаан бичлэг гэх мэт), эмгэг сэтгэл судлалын шинжилгээ, ажиглалт, бусад арга, хэрэглэгдэхүүнийг ашиглах бөгөөд шаардлагатай тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг, дүүргийн сэтгэцийн тасагт байршуулж, шинжилгээг хийж болно.
Шаардлагатай тохиолдолд онош тодруулах зорилгоор төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, шинжилгээнд илгээж болно.
Эрүүл мэндийн байгууллагууд хохирогчийн өвчний түүх, бусад шаардлагатай баримт материалыг шинжээчид саадгүй гаргаж өгөх бөгөөд төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, шинжилгээг хийнэ.
Хохирогчид илэрсэн эмгэг өөрчлөлт, багажийн болон лабораторийн шинжилгээний хариу, эмнэлгийн баримт бичиг, бусад материалыг нэгтгэн үнэлж үзсэний үндсэн дээр сэтгэцийн шинжээч эмч сэтгэцийн өвчний олон улсын ангиллын дагуу шинжилгээний онош тавина.
Шинжилгээний дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас шинжилгээ хийлгэх этгээдийн сэтгэцэд учирсан эмгэг өөрчлөлт, түүний зэрэглэлийг тусгах бөгөөд цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах чиглүүлгийг дурдаж болно.
Шинжээчийн дүгнэлтэд мэргэжлийн болон орчуулах боломжгүй гадаад нэр томъёог олон улсын нэршлээр хэрэглэж болно.
Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрт тусгагдсан асуулт тус бүрд шинжлэх ухааны үндэслэл бүхий хариулт өгөх ба шинжилгээ хийх үед уг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шинээр илэрсэн бол энэ талаар дүгнэлтэд тусгана.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дахин шинжилгээ хийх болон шаардлагатай тохиолдолд шинжилгээнд төрөлжсөн мэргэжлийн эмч нарыг оролцуулах хүсэлтийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргаж болно.
Дахин шинжилгээг багаар хийхдээ шинжилгээний байгууллагын нэг, түүнээс дээш шинжээчийг багийн бүрэлдэхүүнд оруулах бөгөөд бусад байгууллага, этгээдээр энэ төрлийн шинжилгээг дангаар хийлгэхгүй.
---оОо---