ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

   Энэхүү Тэсэрч дэлгэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/246, А/189 дугаар тушаалаар батлагдсан байна.
   Монгол Улсын хэмжээнд олон улс, улсын, орон нутгийн чанартай авто зам, нийслэлийн, тусгай зориулалтын, аж ахуй нэгж, байгууллагын дотоодын авто зам, талбайд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
   Энэ журмыг хэрэгжүүлэхдээ Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Автотээврийн тухай, Автозамын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох стандарт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг удирдлага болгоно.
   Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүний үндсэн түүхий эдийг тээвэрлэх ажиллагааг улс хоорондын тээвэрлэлт, хот хоорондын тээвэрлэлт, орон нутгийн тээвэрлэлт, ажлын байран дахь тэсрэх материалын тээвэрлэлт гэж ангилна.
   Ажлын байран дахь тэсрэх материалын тээвэрлэлтийг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасны дагуу гүйцэтгэнэ.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хамтатгах бүлгийн ангилал болон дэд ангийн ангилал Тэсрэх материалын хамтатгах бүлгийн ангилал
Хүснэгт №1

Хамтатгах бүлэг /аюулын зэрэг/

Бодис, бүтээгдэхүүн

В

Өдөөгч тэсрэх бодис агуулсан бөгөөд хоёр хүртэл үл хамаарах хамгаалалтын төхөөрөмжтэй бүтээгдэхүүн. Түүнчлэн ердийн детонатор, детонатор агуулсан хэрэгсэл ба өдөөгч тэсрэх бодис агуулаагүй детонаторууд орно.

С

Шидэх үйлчилгээтэй тэсрэх бодис ба бүтээгдэхүүн (утаагүй дарь)

D

Тэсрэх бодис. Тэсэлгээний хэрэгсэл ба шидэх үйлчилгээтэй цэнэг агуулаагүй тэсрэх бодис бүхий бүтээгдэхүүн. Өдөөгч тэсрэх бодис агуулсан бөгөөд хоёр ба түүнээс дээш тооны үл хамаарах хамгаалалтын төхөөрөмжтэй бүтээгдэхүүн.

E

Тэсэлгээний хэрэгсэлгүй тэсрэх бодис агуулсан, гэхдээ шидэх үйлчилгээтэй цэнэг бүхий бүтээгдэхүүн (хялбархан дөл авалцдаг шингэн, гель буюу өөрөө шатдаг шингэнээс бусад)

F

Хоёрдогч тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ба шидэх үйлчилгээтэй цэнэг агуулсан, эсвэл шидэх үйлчилгээтэй цэнэг агуулаагүй бүтээгдэхүүн

G

Пиротехникийн бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүн

N

Мэдрэмтгий чадвар нь онцгой муу тэсрэх бодис агуулсан бүтээгдэхүүн

S

Гаднын гэнэтийн үйлдлээс цочрол авч тэсрэх аюул тохиолдоход түүний үйлчилгээг хязгаарлах сав, баглаа боодолтой, хэрэв сав баглаа нь галд өртөж гэмтвэл тэсрэлтийн нөлөө цацалт нь аваар устгах, гал унтраахаар сав баглааны дэргэд хүн ажиллахад саад болохгүйгээр тусгайлан бүтээгдсэн бодис, бүтээгдэхүүн

 
ТЭСРЭХ МАТЕРИАЛЫН ДЭД АНГИЙН АНГИЛАЛ
Хүснэгт №2
 

Дэд анги

Дэд ангийн нэр

1.1

Бөөнөөр тэсрэх аюултай тэсрэх материалууд

1.2

 Бөөнөөр тэсрэхгүй, гэхдээ тэсрэлтээр цацалт үүсгэх болон орчны   зүйлийг гэмтээх аюултай тэсрэх материалууд

1.3

Бөөнөөр тэсрэхгүй, шатах аюултай тэсрэх материалууд

1.4

Тээвэрлэлтийн явцад гал гарах буюу өдөөсөн тохиолдолд бага зэргийн тэсрэлтийн аюултай тэсрэх материал. Тэсрэлтийн үйлчлэл нь сав баглаагаар хязгаарлагдана. Гаднын өдөөх эх үүсвэр сав баглаа дотор огцом тэсрэлт үүсгэхгүй.

1.5

Бөөнөөр тэсрэх аюултай, гэхдээ мэдрэмтгий чадвар нь маш бага, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлд өдөөлт үүсэх ёсгүй буюу шаталтаас тэсрэлтэд шилжихгүй тэсрэх материалууд

1.6

Тохиолдлын өдөөлтөд өртөх магадлал багатай, бөөнөөр тэсрэхгүй, нэн бага мэдрэх чадвартай тэсрэх бодисоор хийсэн бүтээгдэхүүн. 1.6 дэд ангийн бүтээгдэхүүний аюул нь нэг бүтээгдэхүүний тэсрэлтээр хязгаарлагдана.

 
   Энэхүү журмын гуравдугаар зүйлд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэлтэд бэлтгэх, түүний сав, баглаа боодолд тавих шаардлага, Дөрөвдүгээр зүйлд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих шаардлага, Тавдугаар зүйлд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх жолоочид тавигдах шаардлага, Зургадугаар зүйлд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн маршрут ба тээвэрлэх хуудас, Долдугаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн хэрэгсэлд ачих ба буулгах, Наймдугаар зүйлд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед тавих шаардлага, Есдүгээр Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн ослын карт, Аравдугаар зүйлд Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, Арван нэгдүгээр зүйлд Хориглох зүйл, Арван хоёрдугаар зүйлд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэлтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага талаар дэлгэрэнгүй зохицуулж өгсөн байна.
---о0о---