CОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

   Засгийн газрын 2023 оны 7 сарын 26-ны өдрийн 283 дугаар тогтоолоор “Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ыг баталсан байна. Тус журмаар уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна. Тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдааны оролцогчийг сонгон шалгаруулах зарыг нийтлэх, сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх, дуудлага худалдааг явуулах, дүнг мэдээлэх, оролцогчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг дуудлага худалдаа зохион байгуулахтай холбоотой бүх үйл ажиллагааг цахим хэлбэрээр, нийтэд ил тод, нээлттэй явуулна. 
   Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газраас  тогтоосон тусгай зөвшөөрлийн тоо хэмжээний хүрээнд дуудлага худалдааг дараах үе шаттай зохион байгуулна:
- дуудлага худалдааны оролцогчийн сонгон шалгаруулалт;
- цахим дуудлага худалдаа;
   Дуудлага худалдаанд оролцогчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай зарыг уг сонгон шалгаруулалтад оролцох Монгол улсад бүртгэлтэй ашгийн төлөө хуулийн этгээдийн хүсэлт хүлээн авч эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудаст байршуулж, нийтэд зарлах бөгөөд сонгон шалгаруулалтын зард хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа, хүсэлт ирүүлэх зааварчилгаа, цахим хаяг болон байршлыг тодорхой заасан байна. 
   Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд нь зарын дагуу
1) тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын албан ёсны хаяг, цахим шуудангийн хаяг, харилцах утасны дугаартай тамга, тэмдэг бүхий албан хүсэлт,
2) хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг;
3) санхүүгийн чадавхыг тодорхойлсон харилцагч банкны мэдэгдэл, эсхүл нотлох бусад баримт бичиг;
4) хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
5) татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;
6) аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон хуулийн дагуу татвар, хураамж, төлсөн талаарх мэдээлэл зэргийг бүрдүүлэн цахимаар ирүүлнэ. 
   Сонгон шалгаруулалтад тэнцэж, урилга авсан хуулийн этгээд Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны цахим системд бүртгүүлж, дуудлага худалдааны тогтоосон анхны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг Ажлын хэсгээс мэдэгдсэн дансанд байршуулснаар оролцох эрх үүснэ. Ялагч нь дуудлага худалдааг хүчин төгөлдөр болсноос хойш 20 хоногийн дотор хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд шаардлагыг хангасан бол хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож, гэрээ байгуулах шийдвэрийг гаргана.