ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалт, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, 16.4 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх газрын эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн мэдээллийн цахим бүртгэлийн сан бүрдүүлэх, түүнийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр.Цахим мэдээллийн санг бүрдүүлэх
2.1.Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн санг (цаашид "цахим мэдээллийн сан" гэх) үйл ажиллагаандаа ашиглана.
2.2.Цахим мэдээллийн сан нь цагдаагийн байгууллага, алба хаагчаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаар оруулсан мэдээллээс бүрдэнэ.
Гурав.Цахим мэдээллийн сан ашиглах, мэдээлэл солилцох системд холбогдох талуудын үүрэг
3.1.Цагдаагийн байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.1.1.алдагдсан эд зүйлсийн онцлох шинж тэмдгийг фото зургаар баталгаажуулж, дугаар, имей код болон шаардлага бусад мэдээлэл зэргийг тодорхой оруулах;
3.1.2.цахим мэдээллийн санд байршуулсан мэдээллийг тогтмол шинэчлэх;
3.1.3.цахим мэдээллийн сангийн системийн ашиглалтын бэлэн байдал, хөгжүүлэлт, тогтвортой ажиллагааг хариуцан зохион байгуулах.
3.2.Барьцаалан зээлдүүлэх газар нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.2.1.үйл ажиллагаатай холбогдсон шаардлагатай мэдээлэл авах боломжийг хангасан цахим бүртгэлтэй байх;
3.2.2.барьцааны зүйл хүлээн авах бүрд мэдээллийн сантай тулгалт хийх;
3.2.3.сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагдаагийн байгууллагад цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдэх;
3.2.4.барьцааны зүйл нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлс болох нь цагдаагийн байгууллагаас тогтоосон тохиолдолд борлуулахгүй, үрэгдүүлэхгүй байх;
3.2.5.өөрт цугларсан эд хөрөнгийн болон үйлчлүүлсэн иргэдийн талаарх мэдээлэл болон мэдээллийн сан ашиглах үед олж авсан мэдээллийг хувийн зорилгоор ашиглах болон гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
Дөрөв.Бусад
4.1.Барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан эд зүйл нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйл болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.
4.2.Гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлс барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд авагдсан эсэх, тухайн байгууллага нь барьцааны зүйлээ цахим санд бүрэн тулгалт хийж харилцан мэдээлэл солилцож байгаа зэрэгт цагдаагийн байгууллагаас хяналт тавьж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
4.3.Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны цахим бүртгэлийн мэдээллийн сан нь цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай холбогдож, мэдээлэл солилцож болно.
Тав.Хариуцлага
5.1.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага оногдуулна.