БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИЙН БОЛОН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ
Энэхүү журам нь Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагджээ. Уг журмын зорилго нь байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Стратегийн үнэлгээ хийхийн өмнө үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, төлөвлөлтийн баримт бичиг санаачлан боловсруулж байгаа эрх бүхий этгээд болон стратегийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн баг нь нөлөөллийн хамрах хүрээ, нөлөөлөлд өртөх байгалийн нөөц, эко систем, нийгэм, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээний товч танилцуулга, байгаль хамгаалах, ногоон хөгжлийг хангах зорилт бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төслийг боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээр заасан бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төсөлд санал, чиглэл өгнө.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.2-т заасны дагуу шинжээч, мэргэжилтнүүдийн баг стратегийн үнэлгээг хийнэ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг санаачлан боловсруулж байгаа эрх бүхий этгээд нь стратегийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн багийг тухай бүр бүрдүүлнэ.
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх явцад болон тайлангийн төсөлд олон нийтийн оролцоог хангах тухай журмын дагуу олон нийтийн саналыг авч тусгасан байна.
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээтэй холбоотой гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2023-09-04 №33 /1281/