АХМАД НАСТАН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ХҮН, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/309, А/176, А/120 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх" журмыг баталсан.
Тус журмаар “хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч, үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх”-тэй холбогдсон харилцааг зохицуулна.
Нэг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх
Үйлчлүүлэгчид Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах төлбөрийн чадваргүй нэхэмжлэгч, үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч нь үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авч болно.
Хоёр. Хууль зүйн туслалцаа авах өргөдлийг шийдвэрлэх
Хууль зүйн туслалцааны төв нь үйлчлүүлэгчийн өргөдөлд үндэслэн үйлчлүүлэгчийн тухай холбогдох лавлагаа, мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагаас цахимаар эсхүл албан бичиг хүргүүлж авна. Үүнд:
1.хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан тухай лавлагаа, мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс;
2.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдаж буй эсэх лавлагаа, мэдээлэл болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан иргэн эсэх лавлагаа, мэдээллийг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар эсхүл харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс;
3.хэрэг, маргаанд холбогдолтой бусад баримт бичиг.
Хууль зүйн туслалцааны төв нь Хууль зүйн туслалцааны тухай хуульд заасан үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээнд хамаарахгүй бол үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргана.