ИНЖЕНЕР-ТЕХНИКИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/334 дугаар тушаалын хавсралтаар “Инженер-техникийн шинжилгээ хийх журам”-ыг баталсан.
 
Тус журмаар эрүү, иргэн, захиргаа, арбитрын хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад инженерийн байгууламж, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнд чанарын болон тоон, технологийн өөрчлөлт байгаа эсэх, үүссэн нөхцөл байдлын шалтгаан нөхцөлийг тогтоохоор инженер-техникийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
 
Инженер-техникийн шинжилгээний төрөл
• Автотехникийн шинжилгээ;
• Барилга, инженерийн байгууламжид хийх шинжилгээ;
• Тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнд хийх шинжилгээ.
 
Шинжилгээний объектод тавигдах шаардлага
• Шинжилгээний объектыг эх хувь, биет байдлаар эсхүл хуульд заасан тусгай шаардлагыг хангаж ирүүлнэ;
• Шинжилгээний объектыг анхны шинж байдлыг нь өөрчлөхгүйгээр, шинжилгээ хийхэд тавигдах тоо болон чанарын шаардлагыг хангахуйц байдлаар тухайн төрлийн шинжилгээний онцлогт тохирсон аргаар битүүмжилж, хаягжилтыг тодорхой бичиж ирүүлнэ;
• Шинжилгээний объект овор хэмжээ ихтэй, эсхүл хуульд заасан үндэслэлээр ирүүлэх боломжгүй тохиолдолд объект байгаа газар дээр очиж гадна үзлэг, нарийвчилсан оношилгоо хийх бөгөөд аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан техник, тоног төхөөрөмж бүхий орчинд шинжилгээ хийх нөхцөлийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд хангана;
• Шинжилгээний загвар, дээж нь чанарын болон тоон үзүүлэлтийн хувьд тухайн төрлийн шинжилгээг хийх стандартад заагдсан шаардлагыг хангасан байна;
• Шинжилгээ хийх явцад шинжилгээний объектыг түүний шинж чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын орчинд хадгална.
Шинжээчийн эрх, үүрэг
• Шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй бол шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг, шинжилгээнд ирүүлсэн объекттой нэг бүрчлэн тулган, шалгаж хүлээн авна;
• Шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний объектын хамт хүлээн авч, бүртгэн шинжилгээ хийх боломжтой эсэхийг шийдвэрлэнэ;
• Шинжилгээний объект тоон болон чанарын шаардлага хангаагүй тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс нэмэлт материал ирүүлэхийг албан бичгээр шаардана;
• Шинжилгээ хийж дууссаны дараа шинжилгээний объектыг шинжээчийн дүгнэлтийн хамт шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө.
 
Шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
• Лабораторийн шинжилгээг хийхэд тухайн шинжилгээний төрөл, онцлогт тохирсон стандартыг мөрдлөг болгоно;
• Шинжилгээ хийх үед аюулгүй ажиллагааны зааварчилгааг баримтална;
• Шинжээч шүүх шинжилгээний байгууллагын  шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн сан, бусад байгууллагын мэдээллийн сангийн мэдээллийг шинжилгээ хийхэд ашиглаж болно;
• Шаардлагатай тохиолдолд шинжилгээний объекттой ижил төрлийн объектод туршилт хийж, үр дүнг үнэлж болно;
• Шинжилгээний байгууллага шинжилгээний объектыг мэргэжлийн байгууллагын лабораторид илгээж, гарсан үр дүнг үнэлж, дүгнэлт гаргаж болно;
• Энэ журмын 5.5-д заасан мэргэжлийн байгууллагын лабораторитой шинжилгээг хийхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна;
• Гэрээ байгуулсан мэргэжлийн байгууллагын лаборатори нь шинжилгээний объектын аюулгүй байдлыг хангах, түүнийг хадгалах, хамгаалах, шинж чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, шинжилгээний явц, үр дүнг задруулахгүй байх зэрэг хуульд заасан бусад үүрэг хүлээнэ;
• Шинжилгээний объектыг мэргэжлийн байгууллагын лабораторид хүргүүлж шинжилгээ хийлгэх тохиолдолд эрх бүхий этгээдэд урьдчилан мэдэгдэж, холбогдох зардлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлнэ;
• Шинжлэх ухаан, техник технологийн дэвшил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлал, инновацыг тухай бүр шинжилгээний үйл ажиллагаанд нэвтрүүлж, шинжилгээ хийхэд ашиглана;
• Шинжилгээг төрөл бүрийн программ хангамж, орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл ашиглан хийж, үр дүнг харьцуулан шинжилж болно;
• Шинжилгээний объектын шинж, чанар, газар, орчин, үйл явдал зэрэг нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд нөхцөл байдлыг тогтоох, сэргээн дүрслэх туршилт хийж болно;
• Шинжээчийн дүгнэлтийг шүүх шинжилгээний үйл ажиллагааны стандарт болон холбогдох стандартад тавигдах шаардлага, бүтцийн дагуу үйлдэнэ;
• Шинжээч эрх зүйн асуулт болон тусгай мэдлэгт хамаарахгүй, тусгай мэдлэгээс хэтэрсэн асуултад хариулж дүгнэлт гаргаж болохгүй.
 
Гэрэл зургийн үзүүлэлт, түүнд тавигдах шаардлага
• Гэрэл зургийн үзүүлэлтийг шүүх гэрэл зургийн аргачлалын дагуу үйлдэж, тайлбарыг дүгнэлтэд бичигдсэн үг хэллэгтэй ижил утгаар гаргацтай бичнэ;
• Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг тус бүрийг шинжээчийн тэмдгээр баталгаажуулна;
• Шинжилгээний шаардлага хангаагүй объектыг гэрэл зургийн үзүүлэлтэд тусгана;            
• Гэрэл зургийн үзүүлэлтийг хоёр хувь үйлдэж, дүгнэлтийн хувь тус бүрд хавсаргана;
• Шинжилгээний явцад ашигласан техник тоног төхөөрөмж, компьютерын программаас гарсан үр дүнгийн үзүүлэлтийг шинжээчийн дүгнэлтэд хавсаргаж болно.
Шинжилгээ хийх хугацаа
• Инженер-техникийн шинжилгээ хийхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 16-р зүйлд заасан хугацааг баримтална.
Шинжилгээг шинжээчдийн багаар хийх онцлог
• Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч болон шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээс бүрдсэн шинжээчийн баг шинжилгээ хийх тохиолдолд шинжилгээний объектод хийгдэх үзлэг, шинжлэн судлах ажиллагааг хамтарч хийх бөгөөд шинжээч тус бүр шинжилгээг эхнээс нь бие даан хийнэ гэсэн хуулийн заалтыг баримтлан дүгнэлтээ гаргана;
• Шинжилгээний байгууллага шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдтэй хамтарсан шинжилгээ хийх тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжээчийн багийг бүрдүүлж шинжилгээ хийх нөхцөлөөр хангана;
• Энэ журмын 8.2-т заасан шинжээчийн багийн бүрэлдэхүүнд оролцох шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд тодорхой бус, шинжилгээ хийх нөхцөл хангагдаагүй тохиолдолд шинжилгээний байгууллага шинжилгээ хийхээс татгалзаж шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний объектын хамт буцаана.