ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Санхүүгийн зохицуулах хорооны 2023  оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн  434 дүгээр тогтоолоор Итгэлцлийн үйлчилгээний тухай журам батлагдсан байна.
 
Энэхүү Итгэлцлийн үйлчилгээний журмаар журмаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд (цаашид "итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч" гэх)-ийн эрхлэх итгэлцлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлох, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулна.
 
Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх этгээд нь энэхүү журам болон холбогдох бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг дагаж мөрдөнө.
 
Итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам", "Компанийн засаглалын кодекс"-т заасан шалгуур, шаардлагыг хангаж ажиллана.
 
ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
- банк болон банк бус санхүүгийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил тасралтгүй, тогтвортой явуулсан байх ба сүүлийн гурван жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч байгаагүй байх;
- сүүлийн найман улирал дараалан зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж, ашигтай ажилласан байх ба чанаргүй зээлийн багц нь салбарын дунджаас хэтрээгүй байх; 
- зохицуулагч байгууллагаас тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан байх;
- банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Тохиромжтой этгээдийг тодорхойлох журaм"-д заасан шаардлагыг хангасан гурав ба түүнээс дээш гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байх;
- төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нь Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
-итгэлцлийн үйлчилгээгээр татан төвлөрүүлсэн хөрөнгийг зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд захиран зарцуулах шийдвэр гаргуулах эдийн засагч, хөрөнгө оруулалтын ажилтан нь санхүү, хөрөнгө оруулалтын салбарт мэргэшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
-хууль, журмын шаардлагыг хангасан төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулсан итгэлцлийн үйлчилгээний дотоод журам, заавартай байх.
 
ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч нь дараах шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана:
- өөрийн хөрөнгийг итгэлцлийн үйлчилгээ эрхлэгчийн өмчлөлд шилжүүлж, түүнээс гарах үр шимийг өөрөө хүртэх, эсхүл хувь хүртэгчид хүртээх зорилго бүхий иргэн, хуулийн этгээд (цаашид "итгэмжлэгч" гэх)-ийн актив хөрөнгийг итгэлцлийн үйлчилгээний хүрээнд хянах, ашиглах, захиран зарцуулах доод хугацаа зургаан сараас доошгүй байх;
- итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч нь итгэмжлэгчтэй байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу тэдгээрийн актив хөрөнгийг Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зохицуулагч байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд удирдах бөгөөд бусад үйл ажиллагаанд зарцуулахгүй байх;
- итгэмжилсэн хөрөнгийг Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр тогтоосон нөхцөлийг зөрчиж хувь хүртэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;
- харилцагч татах зорилгоор бэлэг, эсхүл бусад урамшуулал санал болгохгүй байх;
- үр шимийн хувь хэмжээг аливаа хэлбэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан түгээхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн харилцагч дунд хаалттай хүрээнд зарлаж болно;
- харилцагчийг хүүгийн зөрүүнээс ашиг олох зорилгоор итгэлцлээр хөрөнгө байршуулахыг ятгахгүй байх;
- өөрийн үйл ажиллагааны үр дүнг худал мэдээлэх, харилцагчийн хувийн мэдээлэл задруулах болон төөрөгдөлд оруулахуйц үйлдэл гаргахгүй байх;
- Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олон нийтэд тараах материал болон итгэлцлийн үр шимийн үнэ цэний баталгаа болгон ашиглахгүй байх;
- хөрөнгийн үндсэн дүнгийн найдвартай байдал, эсхүл үр шим олно гэдэгт баталгаа гаргах болон баталгаа гаргасан мэтээр бусдыг төөрөгдүүлэхгүй байх;
- итгэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг өөрсдийн нөхцөл, шаардлагыг тулгасан Хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулахыг итгэмжлэгчээс шаардахгүй байх;
- гэрээгээр тохирсон тохиолдолд итгэмжлэгдсэн хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагаатай холбогдох бүртгэл, тайлан болон бусад шаардсан мэдээллийг итгэмжлэгчид үнэн зөв гаргаж өгөх;
- итгэмжлэгчээс шилжүүлэх мөнгөн хөрөнгийн гарал үүслийг тодорхойлох.
Итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч нь итгэмжлэгдсэн хөрөнгийн эрсдэлийг бууруулах зорилгоор тухайн хөрөнгийг даатгуулах, эсхүл гуравдагч этгээдээр үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа гаргуулж болно.
 
ХӨРӨНГӨ ИТГЭМЖЛЭХ ГЭРЭЭ
Итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч болон итгэмжлэгч харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр, эсхүл хуульд заасны дагуу цахим хэлбэрээр байгуулна.
Хөрөнгө итгэмжлэх гэрээнд хуульд зааснаас гадна дараах зүйлийг заавал тусгана: Үүнд:
1.гэрээ байгуулсан огноо, гэрээний дугаар;
2.итгэмжлэгч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгчийн овог нэр, иргэний бүртгэлийн дугаар, хаяг, утас;
3.итгэмжлэгчээс итгэлцлийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлэх хөрөнгийн төрөл, нэр, хэмжээ, үнэ цэнэ, гэрээний хугацаа;
4.итгэмжлэгдсэн хөрөнгийг захиран зарцуулах зориулалт;
5.итгэлцлийн үйлчилгээгээр олгохоор төлөвлөж буй үр шим, үүсэж болзошгүй эрсдэл; 
6.итгэлцлийн үйлчилгээ үзүүлсний төлөө гарах аливаа зардал болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэгчид төлөх төлбөр, түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай;
7.итгэмжлэгчийг итгэлцлийн үйлчилгээтэй холбогдох мэдээллээр хэрхэн хангах тухай;
8.итгэмжлэгч болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага;
9.гэрээ дуусгавар болоход итгэлцлийн хөрөнгийг хэрхэн хөрвүүлж, итгэмжлэгчид шилжүүлэх тухай;
10.хувь хүртэгч байгаа тохиолдолд түүний эрх, үүрэг, хүлээх хариуцлага, хүртэх үр шим, хэмжээ, хугацаа;
11.итгэмжлэгч нь гуравдагч этгээдэд хөрөнгө итгэмжлэх гэрээний шаардах эрхийг шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэх;
12.Хөрөнгө итгэмжлэх гэрээний эхний хуудсанд дараах анхааруулгыг тодоор бичсэн байна.