ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/315, А/91 дугаар тушаалаар “Цахим технологийн шинжилгээ хийх журам”-ыг баталсан.
Тус журмаар эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх явцад цахим технологийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан.
Цахим технологийн шинжилгээ нь ашиглагдах техник хэрэгсэл, программ хангамж, арга, аргачлалаас хамааран оношилгооны болон адилтгалын гэсэн хэлбэртэй байна.
1. Компьютер техникийн шинжилгээ
2. Дүрс бичлэгийн шинжилгээ
3. Дуу авианы шинжилгээ
4. Хүний гадна дүр төрхийн шинжилгээ
5. Хөдөлгөөнт төхөөрөмжид хийгдэх шинжилгээ
6. Эх код, өгөгдлийн сангийн шинжилгээ
7. Кибер орчны шинжилгээ
8. Цахим технологийн зарим төрлийн шинжилгээ
Шинжилгээ хийхэд тавигдах шаардлага:
- Шинжилгээний объект нь механик гэмтэл үүсээгүй, эх хувь байна. Шинжилгээ томилох эрх бүхий этгээд журамд заасан шаардлагыг хангасан шинжилгээний объектыг шинжилгээнд ирүүлнэ.
- Цахим технологийн адилтгалын шинжилгээ хийхэд харьцуулах загвар авч болно. Харьцуулах загвар нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад тоон үзүүлэлт болон чанарын шаардлага хангасан байна.
Шинжилгээг явуулах үйл явц:
- Цахим технологийн шинжилгээг техник хангамж, албан ёсны лицензтэй программ хангамж болон зориулалтын сүлжээ бүхий лабораторийн орчинд явуулна. Шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлал, инновацыг тухай бүр шинжилгээний үйл ажиллагаанд нэвтрүүлж ашиглана.
- Үзлэг ба шинжилгээг аюулгүй ажиллагааны зааврыг баримтлан цахим мэдээлэл устгагдах, төхөөрөмжид механик эвдрэл, гэмтэл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн орчинд шинжилгээг явуулна. Цахим мэдээлэл устах, өөрчлөлт орох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж эх хувийг хуулбарлан авч шинжилгээ, туршилт хийнэ.
- Шинжилгээг олон төрлийн программ хангамж, техник хэрэгсэл ашиглан хийж, үр дүнг харьцуулан шинжилж болно. Шаардлагатай тохиолдолд шинжилгээний объекттой ижил төрлийн өөр объект дээр туршилт хийж, үр дүнг үнэлж болно.
- Шинжээч шинжилгээ хийх явцад шинжилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах бөгөөд тусгай зориулалтын программ хангамж, техник хэрэгслийн ашиглалт болон бүрэн бүтэн байдлыг хариуцна.
- Шинжилгээний объект овор хэмжээ ихтэй, зөөвөрлөх боломжгүй тохиолдолд тухайн объект байгаа газарт очиж үзлэг, шинжилгээ хийх бөгөөд шинжилгээ хийх нөхцөлийг шинжилгээ томилсон эрх бүхий этгээд хангана.
Шинжилгээг мэдээллийн санд хадгалах:
- Цахим технологийн шинжилгээний объектыг шинжилгээ хийх явцад мэдээллийн сан үүсгэн түр хугацаагаар хадгалж болно.
- Цахим технологийн шинжилгээнд хэрэглэх тусгай зориулалтын программ хангамжийн эх хувь болон түүний хувилбаруудыг байнгын хэрэгцээнд зориулан мэдээллийн санд байршуулна. Байнгын өөрчлөгддөг программ хангамжийн шинэчлэлтийг тогтмол хугацаанд шинэчлэн мэдээллийн санд байршуулна.
- Мэдээллийн санд хадгалагдах мэдээллийн нэрсийг огноо бүхий нэрээр, латин үсгээр галиглан үүсгэсэн хавтаст шинжилгээний дугаарлалтын дарааллын дагуу хадгална.
- Шинжилгээний үр дүнгээр гарган авсан мэдээллийг шинжилгээ дууссаны дараа устгана. Мэдээллийн санд нэвтрэх эрх болон үйлдлийн дарааллыг тогтмол бүртгэх тохиргоог сервер дээр хийсэн байна.