ГЭРЛЭЛТ БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр харьяа харгалзахгүйгээр улсын бүртгэлийн хэлтэст, харин Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт хандана. Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо болон гадаадын иргэнтэй гэр бүлээ батлуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Гэрлэхийг хүсэгчдийн тус тусын өргөдөл;
2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх /Гадаад иргэн, харьяалалгүй хүн бол паспорт эсхүл түүнийг орлох баримт бичиг/;
3. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг, /ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчин гэх мэт/;
4. Өмнө гэрлэж байгаагүй болон гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх нотлох баримт /Улсын бүртгэлийн газрын архив, төрийн үйлчилгээний цахим хуудсаас гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, гэрлэлтээ цуцлуулсан тухай шүүхийн шийдвэр эсхүл гэрлэлт цуцлалтын гэрчилгээ гэх мэт/;
5. Үйлчилгээний хураамж –2500 төгрөг тушаасан тухай баримт.
Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэсний бүртгэлийг хөтөлнө.
Анхаарах: Насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон нөхцөлд шүүхийн шийдвэрийг хавсаргана. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ: Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7.6-д заасны дагуу гэрлэхийг хүсэгчид тус бүр гэрчийн хамт байлцах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна.
- Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа бол гэрлэлтийг бүртгэхээс татгалзана.
- Холимог гэр бүл буюу гадаадын иргэнтэй гэр бүлийн хувьд 14 хоногийн өмнө материалаа бүрдүүлэн урьдчилан ирүүлэх шаардлагатай. /ИУБГ-аас бүртгэлийн дугаар авч баталгаажуулдаг болно./
- Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрлэснийг нотолсон баримт бичгийг хавсаргана.
- Гадаад хэл дээр байгаа баримт бичиг нь албан ёсны орчуулгын хамт иргэний улсын бүртгэлд эрхийн үнэн зөвийг нотлох баримт бичиг болно.
Жич: гадаад улсад оршин суугаа иргэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож, гэрлэгсдийн ХААТР–15 маягтыг УБЕГ-ын бүртгэлийн системд оруулж, хяналтын байцаагч хянаснаар гэрлэлт албан ёсоор баталгаажна.
Эх сурвалж: https://burtgel.gov.mn/post/60442