ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

     Шүүхийн шийдвэр, захирамжид заасан  төлбөр төлөгч этгээд төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд төлбөр авагч этгээд шүүхэд хандан тухайн төлбөрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн албадан гүйцэтгүүлэх захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг гаргуулж авна.

     Тухайн шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгч, төлбөр авагч этгээд шийдвэр гүйцэтгэгчтэй зардал, урамшууллын гэрээ байгуулсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлнэ.

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай энэрэнгүй байх зарчимд тулгуурланa.  

     Шийдвэр гүйцэтгэгч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

· Төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авахын тулд төрийн болон төрийн бус байгууллага болон холбогдох бусад байгууллагуудаас лавлагаа авах;

· Төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцан данснаас хасалт хийх;

· Эд хөрөнгө болон биед нь үзлэг, нэгжлэг хийх;

· Эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах;

· Төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн талаар мэдүүлэг авах, өртэй этгээдийн бүртгэлд бүртгэх;

· Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх;

· Төлбөр төлөгчийн бусдад байгаа хөрөнгөнөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах;

· Шийдвэрт нэр заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх;

· Эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох;

· Үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах;

·  Хуульд заасан бусад үйл ажиллагаа.