ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 16.4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ыг баталсан бөгөөд уг тогтоолыг 2023.10.06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
Дээрх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийг зөв хэрэглэх талаар дараах тайлбарыг хийжээ:
1.Эд мөрийн баримт нь нотолгооны ач холбогдлоос хамаарч харилцан адилгүй хууль зүйн үр дагавар үүсгэдэг тул мөрдөгч, прокурор, шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, гэмт үйлдлийн замаар олсон, эсхүл хэргийн үйл баримтыг батлах, үгүйсгэх ач холбогдолтой эд мөрийн баримтын аль нь болохыг шийдвэртээ заана.
2.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, гэмт хэргийн ул мөр үлдсэн баримт бичиг нь эд мөрийн баримт болно. Агуулагдаж буй мэдээллийг нотолгоонд ашиглаж буй тохиолдолд баримт бичгийн төрөлд хамаарна.
3.Прокурор нэгжлэг хийж, эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл олгох үндэслэлийг хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлийг тогтооход ач холбогдол бүхий эд мөрийн баримт байгаа гэх бодит нөхцөл байдал гэж ойлгох ба энэ нь баримтаар тогтоогдсон байна.
4.Хуулийн 22.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрөлд тусгах шаардлагатай нөхцөлүүд нь эд мөрийн баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан эсэхийг шалгах нөхцөл болно.
5.Эд мөрийн баримтыг олж илрүүлэх, хураан авах ажиллагаа явуулах үндэслэл нь прокурорын зөвшөөрөл бөгөөд тухайн ажиллагааг явуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэх, хувийн халдашгүй байх эрхийн хязгаарлалт нь тухайн нөхцөл байдалд тохирсон эсэхийг прокурор зөвшөөрөл олгохдоо хянан үзэх үүрэгтэй.
Прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, эд мөрийн баримт цуглуулсан тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурорын зөвшөөрлийг, мөрдөгчийн санал, хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнтэй тулгаж, зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянан үзнэ.
Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагаа, түүний үр дүнд цугларсан нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, өөрчлөгдөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит эрсдэл байсан эсэх, хойшлуулшгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол үндэслэлтэй эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгнө.
Прокурорын зөвшөөрлийг зөрчсөн, эсхүл зөвшөөрлөөс хэтрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тохиолдолд тухайн эд мөрийн баримтыг хууль зөрчиж цуглуулсан гэж үзнэ.
Хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд хүний хувийн мэдээлэл агуулсан болон хамгаалалттай цахим төхөөрөмжид нэвтэрч цахим баримт цуглуулах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна.
Үзлэгийн явцад түгжээтэй зүйлийг нээхийг шаардах болон цахим төхөөрөмжийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй нээх арга хэмжээ авахдаа хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд прокурорын зөвшөөрөл авна.
Цахим баримтыг илрүүлэх, бэхжүүлэхдээ хуулийн 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тусгай мэдлэг, туршлага бүхий хүнийг мэргэжилтнээр оролцуулбал зохино.
6.Эд мөрийн баримтыг хэн, хэзээ, ямар эх сурвалжаас хэрхэн олж авсан талаар, түүний онцлог шинж, хэлбэр дүрс, тоо хэмжээ, хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана. Шаардлагатай тохиолдолд нотолгооны бусад арга хэрэгсэл болох дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг хийх зэргээр давхар бэхжүүлнэ.
Эд мөрийн баримтыг тэмдэглэлд тусгаж, хуулиар зөвшөөрсөн бусад аргаар давхар бэхжүүлэх гэсэн дарааллыг баримтлах бөгөөд тэмдэглэл үйлдэхгүйгээр бусад аргыг дангаар нь хэрэглэхгүй.
Цахим баримт нь түүний онцлог шинж чанараас шалтгаалан өөрчлөгдөх, устах, хуурамчаар үйлдэгдэх эрсдэлээс сэргийлэх үүднээс цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээ, хэрэглэсэн техник хэрэгслийг бэхжүүлсэн тэмдэглэл үйлдэж, гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр давхар баталгаажуулна.
Мэргэжлийн байгууллага, ур чадвар бүхий мэргэжилтнийг цахим баримтыг эрж хайх, олж илрүүлэх, бэхжүүлэх ажиллагаанд оролцуулсан бол тэдний хийсэн үйлдэл, үйл ажиллагаа бүрийг нэг бүрчлэн тэмдэглэлд тусгана.
Цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн, устгасан мэдээллийг нарийн мэргэшсэн шинжээчийн тусламжтайгаар сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцогдоно.
7.Эд мөрийн баримтыг олж авсан арга, эх сурвалж тодорхойгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй.
8.Хувь хүний нууц мэдээлэл, эмзэг мэдээллийг агуулсан эд мөрийн баримтыг нотлох баримтаар ашиглахад хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хөндөх нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашгийг хамгаалахад зохистой гэж үзвэл ийнхүү үзсэн үндэслэлээ шүүх, прокурор шийдвэртээ заавал тусгана.
9.Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчсөн эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, 2023 он №40 /1288/;
www.parliament.mn; www.legalinfo.mn