2024 ОНД МӨРДӨХ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЖЭЭ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг” гэж шинэчлэн тогтоожээ.
 
Тус хороо нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу дараах хүчин зүйлсийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 (хоёр) жилд нэг удаа тогтоох, өөрчлөх бүрэн эрхийг  хэрэгжүүлдэг.
 
 
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос өмнө нь буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг, 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг”, 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт  1904 төгрөг, 76 мөнгө буюу сард 320,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг” байхаар тус тус тогтоож байжээ. Дараах графикт сүүлийн 5 жилийн болон ирэх оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харуулав.
 
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон, цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар юм. Энэ нь ажилтан болон ажиллагч цалин /хөлс/-гаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс өндөр тогтоолгох, ажил олгогч болон ажиллуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү тогтоосон цалин /хөлс/ олгоход саад болохгүй. 
 
Харин тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглосон зохицуулалтыг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасан байгаа болно.
 
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам (mlsp.gov.mn)
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo.mn)