“АХМАД НАСТАН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ХҮН, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА
“Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх журам”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/309, А/176, А/120 дугаар хамтарсан тушаалаар баталсан байна.
Энэхүү журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч, үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Хууль зүйн туслалцааны төв нь үйлчлүүлэгчийн өргөдөлд үндэслэн үйлчлүүлэгчийн тухай холбогдох лавлагаа, мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагаас цахимаар эсхүл албан бичиг хүргүүлж авах бөгөөд дараах мэдээллийг авна. Үүнд:
• Хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан тухай лавлагаа, мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс;
• Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдаж буй эсэх лавлагаа, мэдээлэл болон өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн эсэх лавлагааг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар эсхүл харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс;
• Хэрэг, маргаанд холбогдолтой бусад баримт бичиг.
Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нь хууль тогтоомжид заасан хүрээнд үйлчлүүлэгчийн эрх ашгийг бүрэн, тууштай хамгаалах үйл ажиллагааг үнэ төлбөргүй явуулж, үйлчлүүлэгчтэй хүнлэг, зөв боловсон харьцан, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана.