АРХИВЫН БАРИМТЫН НЭР ТӨРӨЛ, ХАДГАЛАХ ХУГАЦААНЫҮЛГЭРЧИЛСЭН БОЛОН САЛБАРЫН ЖАГСААЛТ БАТЛАГДЖЭЭ

УИХ-аас 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталсан нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.
 
“Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих”, 6.1.11-д “архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалтыг батлах” чиг үүргийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
 
Тус чиг үүргийн дагуу Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар “Архивын баримтын нэр төрөл, хадгалах  хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт”-ыг баталсан байна. Үүнд:
- Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт;
- Шүүхийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалт;
- Прокурорын үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалт;
- Цагдаа, дотоодын цэргийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалт;
- Шүүх шинжилгээний үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалт;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалт тус тус орно. Эдгээр жагсаалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлэн, мэргэжил, арга зүйгээр ханган, хяналт тавьж ажиллахаар тогтоожээ.
 
Дээрх жагсаалт батлагдсантай холбогдуулан Үндэсний архивын газрын даргын 2007 оны 160 дугаар тушаалаар баталсан "Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Үндэсний архивын газрын даргын 2005 оны 152 дугаар тушаалаар баталсан "Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт", Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/78 дугаар тушаалаар баталсан "Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны явцад үүссэн санхүүгийн нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/135 дугаар тушаалаар баталсан "Боловсролын салбарын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Архивын ерөнхий газрын даргын 2014 оны А/116 дугаар тушаалаар баталсан "Эрүүл мэндийн салбарын баримт бичгийн нэр, төрөл, хадгалах хугацааны жагсаалт"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсон байна.
 
Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo.mn)