ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХОД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 439 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд уг журмаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон тэтгэвэр, тэтгэмж олгох харилцааг зохицуулдаг.
Нэг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгоход дараах баримт бичгийг цаасаар, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ. Үүнд:
1. Хөдөлмөрийн, эсхүл эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт";
2. Даатгуулагчийг ажилд томилсон тухай тушаалын хуулбар;
3. Даатгуулагчийн цалин, хөлсний тодорхойлолт (1 сараас доош хугацаанд ажилласан тохиолдолд).
Даатгуулагч нь дээрх баримтыг өргөдлийн хамт нийгмийн даатгалын байгууллагад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон өдрөөс хойш 14 хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор хүсэлт гаргана.
Нийгмийн даатгалын байгууллага нь өргөдөл, баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэврийг тэтгэвэр авагчийн сонгосон банкаар дамжуулан сар бүр олгоно.
Хоёр. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход дараах баримт бичгийг цаасаар, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ. Үүнд:
1. Хөдөлмөрийн, эсхүл эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт";
2. Даатгуулагчийг ажилд томилсон тухай тушаалын хуулбар;
3. Даатгуулагчийн цалин, хөлсний тодорхойлолт (1 сараас доош хугацаанд ажилласан тохиолдолд).
4. Тэжээгчийн нас барсны гэрчилгээ, эсхүл эрх бүхий байгууллагын лавлагаа;
5. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл эрх бүхий байгууллагын лавлагаа, шүүхийн шийдвэр;
6. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эсхүл эрх бүхий байгууллагын лавлагаа, шүүхийн шийдвэр.
Даатгуулагч нь дээрх баримт бичгийг өргөдлийн хамт нийгмийн даатгалын байгууллагад тэжээгч нас барснаас хойш 30 хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор хүсэлт гаргана.
Нийгмийн даатгалын байгууллага өргөдөл, баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэврийг тэтгэвэр авагчийн сонгосон банкаар дамжуулан сар бүр олгоно.
Гурав. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авахад дараах баримт бичгийг цаасаар, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ. Үүнд:
1. Эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас;
2. Хөдөлмөрийн, эсхүл эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт".
Даатгуулагч нь дээрх баримт бичгийг өргөдлийн хамт нийгмийн даатгалын байгууллагад хөдөлмөрийн, эсхүл эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт"-ын баталгаажсан өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор гаргана. Хэрэв уг хугацаа хэтэрсэн тохиолдолд датгуулагчид тэтгэмж олгохгүй байна.
Нийгмийн даатгалын байгууллага нь өргөдөл, баримт бичиг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчийн сонгосон банкаар дамжуулан олгоно.
Дөрөв. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авахад дараах баримт бичгийг цаасаар, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ. Үүнд:
1. Даатгуулагчийн нас барсны гэрчилгээний хуулбар, эсхүл эрх бүхий байгууллагын лавлагаа, шүүхийн шийдвэр;
2. Даатгуулагчийн гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл эрх бүхий байгууллагын лавлагаа;
3. Даатгуулагч амьгүй донор болсон тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авах иргэн нь дээрх баримт бичиг, өргөдлийн хамт нийгмийн даатгалын байгууллагад тэжээгч нь нас барснаас хойш 6 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор гаргана. Хэрэв уг хугацаа хэтэрсэн тохиолдолд датгуулагчид тэтгэмж олгохгүй байна.
Нийгмийн даатгалын байгууллага нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг баримт бичиг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор шийдвэрлэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас банкаар дамжуулан олгоно.