ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТӨЛӨХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журмыг 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/434, А/263 дугаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан.
Энэхүү журмын зорилго нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийн үйлдлээ хянах чадваргүй, гэмт хэрэг, зөрчилд сэрдэгдэн албадан эрүүлжүүлэгдсэн этгээдээс эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс төлөхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
Үйлчилгээний хөлсийг төлүүлэхдээ Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
Үйлчилгээний хөлс нь үндсэн ба нэмэгдэл гэсэн төрөлтэй байх бөгөөд үйлчилгээний үндсэн хөлсөнд дараах зардал хамаарах ба үйлчилгээний хөлсний хэмжээ хоногт нийт 7000 төгрөг байна. Үүнд:
- Биеийн гадна байдалд эмч үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, эрүүлжүүлэх байранд хүлээн авч байрлуулах;
- усанд оруулах;
- согтуурлын зэрэг тогтоох;
- хувцас, эд зүйлийг хадгалах;
- карт, маягтын үнэ;
- фото зураг авах;
- хуруу, алганы хээ, гарын дардас авах;
- Халуун, хүйтэн уух зүйлээр үйлчлэх.
Үйлчилгээний нэмэгдэл хөлсөнд дараах зардал хамаарна. Үүнд:
- эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;
- утсаар яриулах ба үйлчилгээний хөлс 1 минут нь 200 төгрөг байна.
Үйлчилгээний хөлсийг эрүүлжүүлэх байрны эмч бэлэн бусаар хураана. Шаардлагатай тохиолдолд бэлнээр авч болно.
Түүнчлэн үйлчилгээний хөлс төлөхөөс зайлсхийсэн болон төлөх чадваргүй этгээдийн материалыг харьяалах шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлнэ.
Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлсэн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүлжүүлэхтэй холбогдсон өргөдөл, санал, гомдлыг эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий дээд шатны байгууллагад болон шүүхэд гаргаж болно.