ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журмыг 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 75 дугаар Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан. Тус журам нь галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, галын аюулгүй байдлыг хангуулах норм, стандарт, дүрэм, журам нь энэхүү журмыг хэрэгжүүлэх үндэслэл болгоно. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах, цуцлах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан хүсэлт, холбогдох баримт бичгийн дагуу хяналт шалгалтыг батлагдсан хяналтын хуудас эсхүл шалгалтын тэмдэглэл хөтлөн зохион байгуулж шалгалтын дүнг үндэслэн Галын аюулгүй байдлын дүгнэлтийг дараах байдлаар олгоно. Үүнд:
1. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын галын аюулгүй байдлын дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан бүтцийн нэгжийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1 жилийн хугацаатай;
2. Гал түймрийн онц аюултай барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1 жилийн хугацаатай;
3. Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх авто тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарын серийн дагуу орон нутгийн Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч, Улаанбаатарын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1 жилийн хугацаатай;
4. Гал түймрийн аюултай 1, 2, 3 дугаар зэргийн барилга байгууламжид тухайн орон нутгийн Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 2 жилийн хугацаатай;
5. Гэрээт гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч гэрээгээр ажиллаж байгаа байгууллагын барилга байгууламжид хяналт шалгалтыг зохион байгуулж гал түймрийн эрсдэлийн зэрэгт тохируулан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1, 2 жилийн хугацаатай тус тус олгоно.
 
Барилга байгууламжид галын аюулгүй байдлын дүгнэлт авахад иргэн, хуулийн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлж тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүргүүлнэ. Үүнд:
1. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах тухай албан хүсэлт;
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Газар олгосон тухай захирамж, кадастрын зураг;
4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай Улсын комиссын дүгнэлт; 
5. Барилга байгууламжийн гадна, дотор гэрэл зураг;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Түрээсээр үйл ажиллагаа эрхлэх бол бол түрээсийн гэрээний хуулбар. 
 
Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх авто тээврийн хэрэгсэлд галын аюулгүй байдлын дүгнэлт авах хүсэлтийг тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагад, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд галын аюулгүй байдлын дүгнэлт авах хүсэлтийг гэрээт гал түймрийн улсын хяналтын байцаагчид дараах баримт бичгийг бүрдүүлж тус тус хүргүүлнэ. Үүнд:
- Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах тухай албан хүсэлт;
- Тээврийн хэрэгсэл, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн гэрчилгээний хуулбар;
- Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь байгууллага бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
- Мэргэшсэн жолоочийн үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар;
- Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хуулбар;
- Тээврийн хэрэгсэл, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний гадна, дотор гэрэл зураг зэргийг тус тус бүрдүүлнэ.
 
Дүгнэлт олгосон Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч нь үнэт цаасан дүгнэлтийн хэвлэмэл маягтад гарын үсэг зурж тэмдэг дарах бөгөөд тухайн орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга гарын үсэг зуран, тэмдэг дарж баталгаажуулна.
 
Галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацаа дууссан тохиолдолд гал түймрийн улсын хяналтын байцаагч нь шалгалтад хамруулах хүсэлт бүхий барилга байгууламжид өөрчлөлт ороогүй, эрхлэх үйл ажиллагааны чиглэл өөчлөгдөөгүй тохиолдолд дахин баримт бичиг дахин бүрдүүлэхийг шаардахгүйгээр хяналт шалгалтыг зохион байгуулж шалгалтын дүнг үндэслэн дүгнэлтийг дахин олгож хугацаа дууссан галын аюулгүй байдлын дүгнэлтийг устгаж бүртгэл хөтөлнө.
 
Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагчийн албан ёсны шаардлагыг биелүүлээгүй, гал түймрийн зөрчил гарсан, галын аюулгүй байдлын шаардлага, дүрэм норм, стандартыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу галын аюулгүй байдлын дүгнэлтийг дараагийн шатны гал түймрийн улсын хяналтын /ахлах, ерөнхий/ байцаагч цуцалж болно.
 
Цуцлагдсан, хүчингүй болгосон дүгнэлтийг сэргээж сунгахгүй. Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч дахин хяналт шалгалт хийж шалгалтын дүнг үндэслэн галын аюулгүй байдлын дүгнэлтийг шинээр олгоно.