13 НАС ХҮРСЭН ХҮНИЙ ЭРХЭЛЖ БОЛОХ ХӨНГӨН АЖЛЫН ТӨРӨЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НӨХЦӨЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл,хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 142 дугаар зүйлийн 142.4 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/123 дугаар тушаалын хавсралтаар баталсан бөгөөд энэхүү журмаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох ажлын төрөл, ажлын цаг, ажлын нөхцөл зэргийг заасан болно.
Хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомж, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад зааснаас бусад төрлийн ажилд 13-15 насны хүнээр хөнгөн ажил эрхлүүлж болно.
13-15 насны хүнээр хөнгөн ажил эрхлүүлэхдээ дараах хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хангана:
1.Ажлын цаг:
Хичээлийн үед долоо хоногт 15 цагаас илүүгүй хугацаагаар буюу долоо хоногт өдөрт 2 цаг, нийтдээ 10 цаг; гэр ахуйн ажилд өдөрт 1 цаг, долоо хоногт нийтдээ 5 цаг хүртэл ажиллуулж болно.
Хичээлийн улирлын амралтын үед долоо хоногт 20 цагаас илүүгүй хугацаагаар буюу даваагаас баасан гарагт өдөрт 2 цаг эсхүл долоо хоногийн амралтын өдөр 2 цаг; гэр ахуйн ажилд долоо хоногт 8 цаг хүртэл ажиллуулж болно.
2.Хичээл болон хичээлийн улирлын амралтаас үл хамааран 13-15 насны хүнийг оройн 18 цагаас өглөөний 06 цагийн хооронд ажиллуулахгүй.
3.Хөнгөн ажил хийх тасралтгүй ажлын цагийн үргэлжлэлийн явцад тогтмол хугацаанд завсарлуулна. Завсарлагын хугацаанд 13-15 насны хүнийг түр амрах, ус уух, бие засах зэрэг нөхцөлөөр хангана.
4. 13-15 насны хүнийг долоо хоногт 5 хүртэл өдөр ажиллуулж болно.
5. 13-15 насны хүнийг хөнгөн ажил эрхлүүлэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт хангасан, насны онцлогт тохирсон хөдөлмөрийн нөхцөлөөр хангасан байна.
6. 13-15 насны хүнийг дараах нөхцөлд ажиллуулахгүй:
насанд хүрсэн хүний байнгын, шууд хяналтгүйгээр ажиллуулах;
тухайн ажил, үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай зохих сургалтад хамруулаагүй;
гэр бүлээсээ гадуур, нэг өдрөөс дээш удаан хугацаагаар хол байлгах;
ганцаараа эсхүл олон цагаар тусгаарлагдан ажиллуулах;
хүүхдийн хүсэл сонирхлыг харгалзан үзээгүй, хүүхэд өөрөө зөвшөөрөөгүй.