НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12-р сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалаар “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад баримтлах журам”, “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ”, “Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ”, “Малчин, туслах малчны нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ” болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй эх /эцэг/-ийн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ”-г тус тус баталсан байна.
Даатгуулагч сайн дурын даатгалд даатгуулахдаа дараах баримт бичгийг цаасан эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ. Үүнд:
- иргэний үнэмлэх;
- гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй даатгуулагч нь хүүхдийн төрсний гэрчилгээ;
- малчин, туслах малчин даатгуулагч нь гэрээ байгуулахын өмнөх жилийн мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын маягт (цаашид "мал тооллогын "А" данс" гэх);
- малчин өрхийн гишүүн нь малчин өрхийн бүртгэлд малчнаар бүртгэгдсэн баримт бичиг;
- туслах малчин нь малчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ;
- эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй эх /эцэг/ даатгуулагч нь хүүхдийн төрсний гэрчилгээ, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолт.
Доор дурдсан даатгуулагчийн өөрөө төлөх шимтгэлийг дараах байдлаар тодорхойлно:
- гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа даатгуулагч эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сан болон улсын төсвөөс, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн үлдэх 50 хувь болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг даатгуулагч өөрөө бүрэн хариуцан тус тус төлнө.
- гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа даатгуулагч эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлогоос шимтгэл төлөх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон тэтгэмжийн даатгалын сан болон улсын төсвөөс хариуцан төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хассан дүнгээр буюу тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн зөрүү, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг өөрөө бүрэн хариуцан төлнө.
- малчин, туслах малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс, тэтгэврийн даатгалын шимтгэлийн үлдэх 50 хувь болон тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг даатгуулагч өөрөө бүрэн хариуцан тус тус төлнө.
- малчин, туслах малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлогоос шимтгэл төлөх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон улсын төсвөөс хариуцан төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хассан дүнгээр буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийн зөрүү болон тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг өөрөө бүрэн хариуцан төлнө.
- эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс бүрэн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг даатгуулагч өөрөө бүрэн хариуцан тус тус төлнө.
- эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлогоос шимтгэл төлөх бол улсын төсвөөс төлөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон тэтгэврийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээр буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийн зөрүү болон тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг өөрөө бүрэн хариуцан төлнө.
Даатгуулагч нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах тухай хүсэлтээ аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д өөрийн биеэр, эсхүл цахимаар гаргаж, эхний сарын шимтгэлээ төлсөн тохиолдолд уг хүсэлтийг нь үндэслэн, Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) тухайн даатгуулагчтай "Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ" (цаашид "гэрээ" гэх)-г байгуулна. Гэрээнд тухайн гэрээний үргэлжлэх хугацаа, даатгуулагчийн шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого (цаашид "цалин хөлс" гэх)-ын хэмжээ, сард төлөх шимтгэлийн хэмжээг тодорхой тусгах бөгөөд даатгуулагч гэрээ байгуулах хүсэлтийн дагуу шимтгэлээ төлсөн сараас эхлэн уг гэрээг хэрэгжиж эхэлсэнд тооцно.
Гэрээний загвар болон дээрх журамтай холбоотой бусад мэдээллийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048034446771 холбоосоор орж авна уу.